Эрдмийн бүтээл хуулбарласан дуулианд нэр холбогдсон Кэмбрижийн профессор асан нас барсныг цагдаа нар олжээ
Кэмбрижийн Их сургуулийн профессор асан Жэйсон Ардэй нас барсныг шуурхай тусламжийн албаныхан Баасан гарагт олжээ.
Өчигдөр үдээс хойш Лондон хотын өмнөд хэсэгт оршдог Баттерси дэх хаягаас нэг эрэгтэй ухаангүй байдалтай олдсон тухай дуудлага ирсэн юм байна.
Эрдмийн бүтээлдээ бусдын оюуны өмчийг хуулбарласан гэх дуулиан дэгдсэний дараа Ардэй өнгөрсөн долоо хоногт Кэмбрижийн боловсролын социологийн профессорын албан тушаалаасаа огцорсон юм.
Тэрбээр дээрх буруутгалыг няцааж байлаа.
Ардэйн ар гэрийнхэн “Гайхалтай аав, хань, ах, авга, хүүгээ алдсандаа бид маш их цочирдож байна. Хүн бүрийн сайн сайхны төлөө үргэлж явдаг, зөөлөн сэтгэлтэй Жэйсонд худал хуурмаг мэдээллийн дайралт хэтэрхий хүнд туссан юм” гэж мэдэгджээ.
Лондон хотын цагдаагийн газар “Одоогоор түүний үхлийг цаг бусын гэж үзэж байгаа ч сэжигтэй зүйл хараахан илрээгүй байна” гэж мэдэгдсэн байна.
41 настай Ардэй бусдын бүтээлийг хуулбарласнаа үгүйсгэсэн ч ажлынхаа алдааг хүлээн зөвшөөрч, албан тушаалаасаа огцорч байжээ.
2024 онд Кэмбрижээс гарсан судлаач Натан Кофнас профессор Ардэй өөрийнх нь бүтээлээс хуулбарласан хэд хэдэн тохиолдлыг илчилснээр уг дуулиан анх дэгдэж байв.
Аутизмын улмаас эхэн үеийн судалгааны ажлууд нь зарим талаар алдаатай байсныг Ардэй хүлээн зөвшөөрч байжээ. Тухайлбал зарим мэдээллийг сайн ойлгохын тулд тэр бусдын бүтээлтэй харьцуулан судалдаг байснаа хүлээсэн юм.
Ардэй 2023 онд 37 настайдаа Кэмбрижийн Их сургуулийн түүхэнд хамгийн залуу хар арьст профессор болсон нь тухайн үедээ нийгмийн дэвшилтэт үзэгдэлд тооцогдон сайшаагдаж байжээ.
Өнгөрсөн долоо хоногт тэр огцрох шийдвэрээ зарлахдаа өөрт нь чиглэсэн хэт их анхаарал их өндөр золиос дагуулж буйг илэрхийлсэн юм.
“Шүүмжлэл бол эрдмийн ажлын салшгүй хэсэг мөн боловч миний туулж буй зүйл судалгаатай холбоотой маргаанаас дэндүү хэтэрсэн зүйл юм” гэж Ардэй мэдэгдээд огцорсон нь буруугаа хүлээсэн хэрэг биш болохыг тайлбарлаж байжээ.
2015 онд Ардэйд докторын зэрэг олгосон Ливерпүүлийн Жон Мурсын Их сургууль (LMJU) бүтээлүүдийг нь нягтлан шалгаад хуулбарлаагүйг баталж байв.
Энэ долоо хоногийн эхээр Кэмбрижийн Их сургууль түүний томилгоо хэр шударга явагдсаныг мөрдөн шалгах болсноо зарласан юм.
Анх биеийн тамирын багш байсан Ардэй эхлээд LMJU-д докторын зэрэг хамгаалж, дараа нь Дархэмийн Их сургуульд дэд профессор, Глазгогийн Их сургуульд боловсролын социологийн профессорын албан тушаалд томилогдож байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
