Монгол, Орос, Хятадын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөн болж өндөрлөлөө

ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Монгол, Орос, Хятадын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөн болон Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн төмөр замын хамтарсан комиссын ээлжит зөвлөгөөн ОХУ-ын Эрхүү хотод 2026 оны 9 сарын 15-наас 18-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Зөвлөгөөний протоколд Монголын талаас Зам, тээврийн сайдын итгэмжлэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, Хятадын талаас Хөх хотын төмөр замын компанийн ТУЗ-ийн дарга Жуан Хө,  Оросын талаас Дорнод Сибирийн төмөр замын дарга Фролов В.Ф нар гарын үсэг зурлаа. 

Зөвлөгөөнөөр ачаа, зорчигч тээвэр, коммер, техникийн ажлын талаар өнгөрсөн зөвлөгөөнөөр тохирсон асуудлуудыг дүгнэж, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж тохирлоо. Тухайлбал:

Талууд хилийн Наушки, Сүхбаатар, Замын-Үүд, Эрээн өртөөдөд харилцан ачаа, коммерын агентууд ажиллуулах асуудлыг идэвхжүүлэх, хилийн галт тэрэгний солилцооны технологит ажиллагааг түргэтгэх, галт тэрэг солилцоог саадгүй зохион байгуулах зорилгоор ачааны дагалдах бичиг баримтыг оновчлох, Хойт-Дозорный хоорондын хагас автомат хориглолын системийг шилэн кабельд шилжүүлэх, Хилийн өртөөгөөр дамжуулах галт тэрэгний зохион байгуулалтыг оновчлох зорилгоор Эрээн өртөөнөөс Замын-Үүд нарийн царигийн өртөө рүү хүлээлгэн өгч байгаа чингэлгийн галт тэрэгнээс бусад төрлийн галт тэргийг ачааны нэр, төрлөөр нэг дор нь бүлэглэн найруулж өгөх, хилээр нэвтрүүлэх ачааны тээврийн баримт бичгийг цахимжуулах, мэдээллийг цахимаар солилцох талаар ажлыг урагшлуулах зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Тус протокол нь 2027 оны 1 сарын 1-ээс эхлэн хэрэгжих юм.

зураг
 

2027 оны ээлжит зөвлөгөөн дарааллын дагуу БНХАУ-ын Хөх хотноо  зохион байгуулагдахаар талууд тохиров.

Монгол, Орос, Хятадын төмөр замуудын төлөөлөгчдийн энэ удаагийн зөвлөгөөн нь хөрш орнуудын хилийн боомтын төмөр замаар солилцох зорчигч, ачаа тээврийн технологит ажиллагааг улам сайжруулж, оролцогч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлж бэхжүүлэхэд чухал алхам боллоо.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.