Гринланд арлын аюулгүй байдлын асуудлаар АНУ, Дани улс тохиролцоонд хүрснийг Трамп зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ болон Дани улс Гринланд арлын аюулгүй байдлыг хангах асуудлаар тохиролцоонд хүрснийг ерөнхийлөгч Дональд Трамп зарлажээ.

Уг тохиролцооны хүрээнд Гринландын аюулгүй байдлыг АНУ “байнгын хяналт”-даа авах, АНУ-ын дайсан улсуудын аль нь ч тус арал дээр цэргийн баазаа байгуулахгүй байх нөхцөлүүдийг баталгаажуулсан гэнэ.

“АНУ нь Данийн Вант Улс болон Гринландтай гэрээ байгууллаа. Энэхүү гэрээ нь Гринландын аюулгүй байдал болон бусад бүх шаардлагатай зүйлсэд байнгын хяналтаа тогтоох боломжийг АНУ-д олгож, АНУ-ын санаа зовоосон асуудлуудыг бүрэн шийдвэрлэж байна. Үүнд АНУ-аас ямар ч зардал гарахгүй!” гэж тэр өчигдөр орой сошиал хуудсандаа бичжээ.

Ингэхдээ Трамп уг гэрээг “хязгааргүй хугацааны” гэж тодорхойлсон байна.

“Түүнчлэн одоогоос эхлэн АНУ-ын зөвшөөрөлгүйгээр манай дайсан улсууд Гринландад цэргийн баазаа байгуулах, цэргийн хүчээ байршуулах, эсвэл эмзэг ач холбогдолтой салбарт хөрөнгө оруулалт хийх боломжгүй болно” гэж Трамп цааш нь мэдэгджээ.

АНУ тус аралд өөрийн “томоохон цэргийн хүч”-ийг байршуулж, Гринландын ард иргэдтэй хамтран “хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажил” эхлүүлэхийг тэр нэмж мэдээлсэн юм.

Одоогоор Трампын мэдэгдлийн талаар АНУ-ын төрийн департамент болон Дани улсын засгийн газар ямар нэг тайлбар өгөөгүй байна.

Трамп үндэсний аюулгүй байдлын үүднээс Гринланд арлыг АНУ өөртөө нэгтгэх ёстой гэсэн санааг энэ оны эхээр удаа дараа илэрхийлж байсан ч сүүлийн саруудад энэ асуудал олон нийтийн анхаарлын төвөөс гараад байсан юм.

 

Эх сурвалж: CNN