Монгол малчны ухаанаас дэлхийн шийдэл рүү: Цөлжилттэй тэмцэх COP17

ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (КОП-17) ирэх Даваа гарагт эхлэх гэж буйтай холбогдуулан МУИС-ийн УТСОУХНУС-ийн ахлах багш, Доктор А.Батцэцэгийн өгүүллийг хүргэж байна. 


Дэлхийн уур амьсгал, цөлжилтийн өөрчлөлтөд хамгийн эмзэг, өртөмтгий бүс нутгийн нэг бол Еврази, түүний дотор Монголын хээр тал, нүүдлийн мал аж ахуйн экосистем юм. Сүүлийн жилүүдэд хуурайшилт, цөлжилт эрчимжиж, бэлчээрийн даац хэтрэх, усархаг бороо болон зудын давтамж ойртох зэрэг сөрөг үзэгдлүүд нэмэгдсээр байна.

Эдүгээ цөлжилтийн эсрэг Евразийн хээр талын малчдын олон зуун жилийн турш хуримтлуулсан уламжлалт мэдлэг ухаан, түүний дотор нүүдэллэх соёл, малын бүтцийн зохицуулалт, бэлчээр болон усны  удирдлагын орчин үеийн шинжлэх ухааны арга барилтай хэрхэн уялдуулах асуудлыг жинтэй хөндөж байгаа нь сайшаалтай. Нүүдлийн малчдын уламжлалт экологийн мэдлэг  нь зөвхөн амьдрах арга хэрэгсэл биш, хуурайшилтай бүс нутгийн цөлжилт, уур амьсгалын сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх үндсэн механизм болсоор байна. COP 17-Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал МОНГОЛД

Евразийн хээр тал нь Зүүн Европоос Зүүн хойд Ази хүртэл үргэлжлэх дэлхийн хамгийн том үргэлжилсэн өвслөг экосистем бөгөөд уур амьсгалын эрс тэс, хуурайшилт ихтэй нөхцөлөөрөө онцлогтой. Энэхүү эмзэг бүс нутагт олон мянган жилийн турш байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн нүүдлийн мал аж ахуй нь өдгөө цөлжилт болоод уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн том сорилттой нүүр тулаад байна. Дэлхийн дулаарал аж үйлдвэржилтийн өмнөх үеэс дунджаар 1.1°C-аар нэмэгдсэн бол Евразийн төв хэсэг, ялангуяа Монголын өндөрлөгт энэ үзүүлэлт 2.2°C-аас давж, дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн Засгийн газар хоорондын экспертүүдийн хороо (IPCC)-ны тайлангуудад дурдсанаар, хуурайшилтай бүс нутгийн хур тунадасны хуваарилалт өөрчлөгдөж, ган зудын давтамж ойртох нь бэлчээрийн ургамлын гарц, биомассыг эрс бууруулж байгаа аж. Энэхүү эрсдэлтэй нөхцөлд уламжлалт мал аж ахуйг хэрхэн тогтвортой авч үлдэх, малчдын дасан зохицох чадварыг хэрхэн дэмжих вэ гэдэг асуудал Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж  буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын COP17 бага хурлын гол хэлэлцүүлгүүдийн нэг байх болно.

Малчдын уламжлалт мэдлэг ухааныг орчин үеийн уур амьсгалын шинжлэх ухаан, дижитал технологитой хослуулах нь хээр талын экосистемийг хамгаалах чухал гарц мөн.

Дээрх олон улсын бага хурал Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласантай цаг хугацааны хувьд давхцаж буй нь бэлэг дэмбэрэлтэй үйл мөн билээ.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар /COP17/ бага хуралд Монгол Улсаас дэвшүүлэх “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны яам  Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Дурдсан төлөвлөгөө нь: Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга, байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга гэсэн 3 үндсэн санаачилгаас бүрдэж байгаагаас гадна  хуурайшилтай бүс нутагт,

  • A. Температурын өсөлт ба ууршилт: Дэлхийн дулаарал эрчимжсэнээр хөрсний чийгийн ууршилт эрс нэмэгдсээр байна. Хур тунадасны хэмжээ зарим бүс нутагт хэвээр байгаа мэт боловч өндөр ууршилтын улмаас хөрсний хуурайшилт гүнзгийрч, ургамлын төрөл зүйл цөөрөх, бэлчээр цөлжих үйлц явц идэвхжсээр байгаа.
  • B. Хур тунадасны төлөв байдлын өөрчлөлт: Зөөлөн, үргэлжилсэн шиврээ борооны тоо цөөрч, богино хугацааны, усархаг аадар бороо орох нь ихэсч байгааг бид харж ажиглаж байна. Энэ нь хөрсөнд чийг болон шингэж амжилгүй үер болон урсах бөгөөд хөрсний үржил шимт өнгөн хэсгийг угааж, бэлчээрийн доройтлыг улам хурдасгаж байна.
  • C. Цаг агаарын эрс тэс үзэгдэл буюу ган ба зудын давтамж: Өмнө нь 10-15 жилийн давтамжтай болдог байсан зуд, гангийн мөчлөг өдгөө 2-3 жил тутамд тохиох болов. Хурдан хугацаанд солигдох ган, зудын хосолсон нөлөө нь малчдын эдийн засаг болон сэтгэл зүйн сөрөн тэсвэрлэх чадварыг туйлдуулж байна гэсэн хэд хэдэн чухал өнцгөөр илэрч байна.

Малчдын уламжлалт экологийн мэдлэг  ба дасан зохицохуйн арга барил

Олон зууны турш байгалийн хатуу ширүүн шалгуурыг давж ирсэн нүүдэлчин “Малчин ардын  амьдралын ухаан” нь уур амьсгал болон цөлжилтийг сөрөх маш уян хатан, шинжлэх ухааны үндэслэлтэй арга барил юм. Үүнийг хэд хэдэн ангиллаар авч үзвэл, малчдын уламжлалт дасан зохицох чадвар, цаг хугацаа орон зайн уян хатан нүүдэл, малын бүтцийн зохицуулалт, байгаль эх дэлхий, ус,  бэлчээрээ хайрлахуйн соёл хамгийн тэргүүнд байдагт оршино. Бүр тодруулбал,  Орон зайн уян хатан байдал буюу сэлгэж нүүх ба оторлохуй: Нүүдэл нь бэлчээрийг нөхөн сэргэх хугацаагаар хангах үндсэн арга ажээ. Малчид дөрвөн улирлын нүүдлээс гадна уур амьсгалын гэнэтийн өөрчлөлтийн үед “отор” хийх замаар эрсдэлийг бууруулж чаддаг гэж үзэж байна.

Малчид гантай бүс нутгаас зуншлага сайн байгаа алсын нутаг руу олон  километр нүүдэллэж, уулын ар, өвөр, нам дор газар, гуу жалганы өвөрмөц бичил уур амьсгалыг ашиглан мал сүргийг цаг агаарын хүндрэлээс хамгаалах арга барилд нэвтэрхий билээ.

Мал сүргийн бүтэц ба төрөл зүйлийн зохицуулалт: Евразийн хээр талын малчид уур амьсгалын өөрчлөлтөд зохицуулан сүргийн бүтцээ өөрчилж ирсэн байдаг. Жишээ нь, Монголын нүүдэлчид таван хошуу малын төрлийг ландшафтын онцлогт тохируулан үржүүлж ирсэн арван туршлагатайгаараа маш давуу талтай.

Ландшафт (landscape) гэдэг нь Байгалийн цогц бүрдэл” буюу тодорхой нэг газар нутгийн гадаад төрх байдал, түүнийг бүрдүүлж буй бүх зүйлийн нэгдэл юм. Нүүдлийн мал аж ахуйн өгүүлэлд энэ үг маш чухал утгатай. Өргөн утгаараа газрын гадаргуу, уул, тал, толгод, хөрс, ус, гол, нуур, ургамал, амьтан болон цаг агаарын нөхцөл байдал хоорондоо уусаж зохицсоныг  гэж хэлж болно.

Ноолуурын эдийн засаг ашиг тустай ч ямаа нь ургамлыг үндсээр нь зулгааж иддэг тул цөлжилтийг хурдасгадаг эрсдэлтэй. Иймд ухаалаг малчид бэлчээрийн даацад тохируулан хонь, үхэр, тэмээний эзлэх хувийг тэнцвэржүүлж ирсэн байдаг.

Нутгийн уламжлалт үүлдрийн мал нь жин багатай, хол нүүдэл даах чадвартай, өвлийн хүйтэн, зуны ганд дасан зохицсон биологийн өндөр тэсвэрлэх чадамжтай байдаг хэмээн малчид ярьдаг.

Ус ба бэлчээр хамгаалах уламжлалт технологи: Хуурай тал хээрийн бүс нутгийн хамгийн үнэт баялаг, нөөц бол ус юм. Малчид ил задгай усыг ширгэхээс хамгаалж, худаг гаргах, гар худгийг хамгаалах, цас мөсийг ашиглан усан хангамжаа зохицуулж ирсэн арвин туршлагатай. Мөн бэлчээрийн ургамлын соёололт, үе шатыг шинжин “сор бэлчээр” хамгаалах, отрын бүс нутгийг нөөцлөх зэргээр байгалийн нөөцийг шавхалгүй, тогтвортой ашигладаг нь бас Монгол малчны ур ухаан билээ.

Уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулахуй

Цөлжилт болоод уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн хурд нь зөвхөн уламжлалт мэдлэгээр бүх эрсдэлийг хаах боломжгүй болгож байгаа билээ. Тиймээс Уламжлалт мэдлэг + орчин үеийн дижитал  технологи гэсэн хосолмол загварыг нэвтрүүлэх нь байгаль экологийн хөгжил хийгээд амьдралын шаардлага мөн цөлжилтөөс сэргийлэх чухал арга хэлбэр гэж хэлж болно. Жишээ нь:

Цаг агаарын урьдчилсан мэдээ, эрсдэлийг тодорхойлоход малчид одон орон, үүл, салхи, температурын өөрчлөлт, малын зан төрх болон байгалийн бусад шинж тэмдгийг ажиглан цаг агаарын төлөвийг урьдчилан таамаглаж ирсэн. Энэхүү уламжлалт мэдлэгийг өнөөдөр хиймэл дагуулын өгөгдөл, метеорологийн радар, цаг агаарын тоон загварчлал болон ухаалаг гар утасны аппликэйшнтэй хослуулснаар орон нутгийн хэмжээнд илүү нарийвчилсан, хүртээмжтэй эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бий болгох боломжтой. Ингэснээр зуд, ган, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга зэрэг цаг уурын эрсдэлийг малчдад эрт мэдээлж, мал сүрэг болон амьжиргаагаа хамгаалах бэлтгэлийг цаг алдалгүй хангах нөхцөл бүрдэнэ.

Бэлчээрийн менежментийн хувьд малчдын улирлын нүүдэл, отор нүүдэл, бэлчээр сэлгэх арга, тухайн нутгийн онцлогт тохирсон нүүдлийн маршрутыг сонгох уламжлалт арга ухаан чухал ач холбогдолтой. Үүнийг хиймэл дагуулын зураг, NDVI буюу ургамалжилтын индекс, газар зүйн мэдээллийн систем (GIS), бэлчээрийн даацын шинжлэх ухааны тооцоололтой хослуулснаар бэлчээрийн ашиглалтыг илүү оновчтой төлөвлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, малчдын газар нутгаа танин мэдэх уламжлалт мэдлэгийг орчин үеийн орон зайн мэдээлэлтэй нэгтгэснээр аль бүс нутагт бэлчээрийн даац хэтэрч байгаа, хаана бэлчээрийн нөөц харьцангуй сайн байгааг тодорхойлон, нүүдлийн зохистой зураглал боловсруулах боломж бүрдэнэ. Энэ нь бэлчээрийн хэт ашиглалт, доройтол, улмаар цөлжилтийг бууруулахад чухал ач холбогдолтой.

Малчид зөвхөн “өвс, ус” хараад нүүдэггүй. Тэд тухайн газрын ландшафтыг бүхэлд нь шинждэг. Жишээ нь, “Уулын ар талын ландшафт” нь өвөлдөө цас багатай, нөмөр дулаан байхад, “нам доор газрын ландшафт” нь зундаа чийг ихтэй, өвс сайтай байх жишээний. Үүнийг малчид ландшафтын бичил уур амьсгалыг ашиглах гэж нэрлэх буй.

Усан хангамжийн асуудалд мөн уламжлалт мэдлэг болон орчин үеийн технологийн хослол үр дүнтэй. Малчид эрт үеэс гар худаг гаргах, булаг шанд, гол горхи, усны эхийг хамгаалах, улирлын онцлогоос хамааран усны нөөцийг зохистой ашиглах арга ухааныг эзэмшиж ирсэн. Энэхүү мэдлэгийг нарны эрчим хүчээр ажилладаг гүний худаг, усны нөөцийн мониторинг, ус хуримтлуулах болон хэмнэлттэй усалгааны технологитой хослуулснаар усны хомсдолтой алслагдсан бүс нутгийн усан хангамжийг сайжруулах боломжтой. Ингэснээр усны эх үүсвэрийн хүртээмж нэмэгдэхийн зэрэгцээ бэлчээр болон усны нөөцийг харилцан уялдаатай зохицуулах нөхцөл бүрдэнэ.

Мөн ган, зудын эрсдэлийг бууруулахад малчдын уламжлалт туршлага онцгой ач холбогдолтой. Малчид өвөлжилт, хаваржилтын нөхцөлийг урьдчилан тооцож, малын тарга хүч, бэлчээрийн гарц, цасны зузаан, салхи шуурганы нөхцөл зэргийг ажиглан отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, малаа хамгаалах арга хэмжээг уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн. Харин өнөөдөр эдгээр туршлагыг уур амьсгалын загварчлал, эрсдэлийн зураглал, хиймэл дагуулын мониторинг болон эрт сэрэмжлүүлэх системтэй холбосноор ган, зудын эрсдэлийг урьдчилан тодорхойлж, малчдад бодит цагийн мэдээлэл хүргэх боломжтой болж байна.

Ийнхүү газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд монгол малчдын уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, технологитой хослуулах нь илүү цогц шийдлийг бий болгож чадна. Бэлчээр сэлгэх, нүүдлийн маршрутыг зохицуулах, ургамал, хөрс, усны байгалийн онцлогийг танин мэдэх уламжлалт мэдлэгийг хиймэл дагуулын мониторинг, хөрс болон ургамлын судалгаа, GIS зураглал, газрын нөхөн сэргээлтийн технологитой уялдуулснаар цөлжилтийн үйл явцыг эрт илрүүлэх, доройтсон газрыг нөхөн сэргээх, бэлчээрийн экосистемийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх боломжтой.

Тиймээс малчдын уламжлалт мэдлэгийг зөвхөн өнгөрсөн үеийн өв соёл гэж үзэх бус, өнөөгийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын эсрэг ашиглаж болох бодит мэдлэгийн сан хэмээн авч үзэх шаардлагатай. Харин орчин үеийн шинжлэх ухаан, технологи нь энэхүү мэдлэгийг баталгаажуулах, нарийвчлах, өргөжүүлэх боломжийг олгож байна. Энэ хоёр мэдлэгийн тогтолцоог уялдуулснаар Монгол Улс төдийгүй Евразийн хээр талын хэмжээнд бэлчээр, ус, мал аж ахуй болон орон нутгийн иргэдийн амьжиргааг хамгаалсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нутгийн онцлогт тохирсон, шинжлэх ухаанд суурилсан шийдэл бий болгох боломжтой юм.

Цаашлаад малчид интернетэд холбогдож, цахим оюунд (AI) суурилсан дроныг ахуй амьдралдаа өргөн ашигласнаар бэлчээр, усны гарц болон цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийг эрт урьдчилан таамаглах, урьдчилан сэргийлэх чадавхаа сайжруулах боломжтой гэж үзэж байна.

COP17-д дэвшүүлэх санал, гарц шийдлийн хувьд:

Улаанбаатарт хотноо  эхэлж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын COP17 бага  хурлын индэр дээрээс Евразийн хээр талын улс орнууд, түүний дотор Монгол Улс дараах бодлогын чиглэлийг дэлхий нийтэд танилцуулж, санхүүжилт, хамтын ажиллагааг татах боломжтой гэсэн санал байна.

  • Нэгт, Малчдын уламжлалт мэдлэгийг хууль эрх зүйгээр баталгаажуулах: Малчдын бэлчээр ашиглах хамтын зохион байгуулалт (Хоршоо, нөхөрлөл)-ыг дэмжиж, орон нутгийн түвшинд шийдвэр гаргах эрхийг нь өргөжүүлэх;
  • Хоёрт: Цөлжилтийн эсрэг болон уур амьсгалын ногоон санхүүжилтийг малчдад чиглүүлэх: Цөлжилттэй тэмцэж, бэлчээрээ хамгаалж буй малчдад "Экосистемийн үйлчилгээний төлбөр" (Payment for Ecosystem Services-PES) хэлбэрээр урамшуулал олгох механизмыг олон улсын дэмжлэгтэйгээр бүрдүүлэх;
  • Гуравт: Малчдыг интернетэд холбож, илүү дижиталчлах, цахим оюуны хөгжлийг нэвтрүүлэх, хиймэл дагуулын болон ган зудын эрсдэлийн мэдээллийг малчдын гар утсанд ойлгомжтой, шуурхай хүргэдэг дижитал суурь бүтцийг хөгжүүлэх;
  • Дөрөвт, Хил дамнасан нүүдлийн экосистемийн хамтын ажиллагаа: Евразийн хээр тал нь Төв Ази, Монгол, Орос, Хятадын хил дамнан оршдог тул зэрлэг амьтдын нүүдэл болон цөлжилт, уур амьсгалын бүсийн судалгааг бүс нутгийн хэмжээнд хамтран хийх эдгээр болно.

Дүгнэн үзвэл, Монгол орны хээр тал ба хуурайшилттай бүс нутгийн цөлжилттэй тэмцэх   сөрөн тэсвэрлэх чадавх нь зөвхөн инженерчлэлийн болон технологийн шийдлээр хязгаарлагдахгүй. Олон зууны туршид байгалийн тэнцвэрийг хадгалж ирсэн малчдын уламжлалт мэдлэг ухаан нь цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн хүчтэй “амьд технологи” болно.

Улаанбаатарт хотноо зохиогдож буй  Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын COP17 бага хурал   нь малчдыг цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн зөвхөн “хохирогч” биш, харин дэлхийн экосистемийг аврах, цөлжилттэй тэмцэх үйлсийн гол “шийдвэрлэгч, түнш” мөн гэдгийг тунхаглах түүхэн боломж мөн хэмээн бодогдном.

Иймд шинжлэх ухааны ололтыг малчдын байгалийн практик арга барилтай уялдуулан нутагшуулж чадвал Евразийн аугаа  хээр тал ирээдүй хойч үедээ онгон дагшин байдлаараа өвлөгдөн үлдэх болно хэмээн бодно.

 

Ашигласан материал:

  • IPCC, 2023: Climate Change 2023: Synthesis Report. Contribution of Working Groups I, II and III to the Sixth Assessment Report.
  • UNCCD, 2024: Global Land Outlook - East Asia and Central Asia Regional Reports.
  • Fernandez-Gimenez, M. E., et al. (2022). "Lessons from Social-Ecological Resilience in the Pastoral Systems of the Eurasian Steppe."
  • Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний тайлангууд (2020-2025).