Ойн хамгааллын тогтолцоог шинэ түвшинд хүргэсэн “Эрүүл ой” төсөл

ikon.mn
2 минутын өмнө
ikon.mn

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг буюу дэлхийн дунджаас хэд дахин хурдтай дулаарч, ган, хуурайшилт, түймэр, хортон шавжийн эрсдэл энэ хэрээр нэмэгдэж буй. Харин усны эх, мөнх цэвдгийн хамгаалалт, цөлжилтийн хаалт болоод зогсохгүй бэлчээр, мал аж ахуй, хүн амын эрүүл, аюулгүй орчныг тэтгэдэг ойн талбай нийт газар нутгийн маань ердөө 7.9 хувийг эзэлдэг.

Гэвч энэхүү хомс нөөц түймэр, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, хөнөөлт шавжийн нөлөөгөөр улам доройтсоор байна. Тэр дундаа хөнөөлт шавж Монгол орны ойн санд хамгийн ноцтой хохирол учруулж буй хүчин зүйлсийн нэг болжээ. 

Засгийн газраас жил бүр 100 мянга орчим га ойд шавжтай тэмцэх арга хэмжээ авдаг ч энэ нь шаардлагатай нийт талбайн 30-40 хувийг л хамардаг байна. Улмаар 2022 онд мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар 16 аймгийн 109 сумын 732.7 мянган га ой хөнөөлт шавжид нэрвэгдсэн нь тогтоогджээ. Мөн хоёр тэрбум орчим мод хатаж, дахин сэргэх боломжгүй эрсдэлд орсон гэх харамсалтай тоо бий. 

зураг
 
Ойн хөнөөлт шавжийн тоо толгой уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөхцөл болон хүний үйл ажиллагааны шууд болон дам нөлөөгөөр хэлбэлздэг. Тэд модны навч, шилмүүсийг идэж, фотосинтезийн үйл явцыг сааруулснаар модыг шим тэжээлийн дутагдалд оруулж, ойг физиологийн хувьд доройтуулдаг. Ингэснээр мод хатаж, байгалийн жамаар нөхөн сэргээгдэх боломж хумигддаг байна. 

Тиймээс байгаль орчин төдийгүй хүн амын амьдрал, амьжиргаанд шууд нөлөөлөх энэхүү асуудлыг шийдвэрлэхээр ойн доройтлыг сааруулах, хөнөөлт шавжийн тархалтын голомтыг хумих “Эрүүл ой” төслийг 2022-2025 онд хэрэгжүүлжээ. 

Ой хамгаалалд дэвшилтэт арга барил, технологийг нэвтрүүлэв

зураг
 

“Эрүүл ой” төсөл нь 2022 оны есдүгээр сараас албан ёсоор эхэлсэн байна. Эхний үед шавжтай тэмцэх үр ашигтай технологийг нэвтрүүлэх, шавж устгах бодисын туршилт судалгааг гүйцэтгэжээ. Цаашлаад Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн ойн эрүүл мэндийн шинжээчдийг урин ажиллуулахын сацуу АНУ-ын Ойн алба болон их сургуулиудтай хамтын ажиллагаа эхлүүлсэн нь эрүүл ойг тэтгэх ажлын урт хугацааны, тогтвортой байдлын суурийг тавьсан.

Монгол оронд 14 мянга гаруй зүйлийн шавж бүртгэгдсэнээс ой модны амьдралд хөнөөлтэйд тооцогдох 468 зүйлийн шавж байдаг. Шавжийн эмэгчин нь нэг удаад 250-1000 өндөг гаргадаг бөгөөд тэдгээр нь авгалдай, хүрэнцэр болмогцоо модонд үүрлэн шавж, хэдэн зуун мянгаараа модноос мод, ойгоос ойд цөлмөн давшиж, модыг хуйгаар нь хатааж орхидог. Мөн зарим нь эргэн тойрондоо 100 км нүүдэллэн ердөө нэг сарын дотор олон га талбай модыг хувхайруулах чадалтай. Тиймээс 2023 оны тавдугаар сараас эхлэн хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилгоор био эмчилгээний бэлдмэл ашиглан тэмцэх ажлыг эхлүүлжээ. 

зураг
 

Ингэхдээ агаараас цацах ажил зохион байгуулж Архангай, Завхан, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймаг болон Горхи Тэрэлжийн дархан цаазат газруудад нийт 300 мянган га талбайд хүрчээ.

Үүгээр зогсохгүй 2023 онд Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн шинжээч, доктор Том Ийгэрээр ахлуулсан мэргэжлийн баг үндэсний өгөгдлийн сан, алсын зайн тандан судалгаа, хортон шавжийн хяналт, шинжилгээний аргуудыг сайжруулахад зөвлөн ажилласан нь байгаль хамгаалалд мэргэжлийн дэвшилтэт арга барилуудыг нэвтрүүлсэн явдал болсон юм. Цаашлаад дэлхийн 50 гаруй улсын 180 гаруй дархан цаазат нутаг дэвсгэрт ашигладаг, хиймэл оюунд суурилсан “EarthRanger” программыг хөгжүүлэн, ой хамгаалалд нэвтрүүлснээр технологийн дэвшлийг ашиглах суурийг тавив. 

Энэ бүхний дүнд ойн нэгжүүд талбайн өгөгдлийг цуглуулах, ашиглах чадвар нэмэгдэж, Монгол орон ой, байгаль хамгаалалдаа олон улсын шилдэг арга зүй, дэвшилтэт технологийг нэвтрүүллээ.  

зураг
 

Ой хамгаалах ажлыг тогтвортой үргэлжлүүлэхийг чухалчиллаа

Төслийн эхний үед ой хамгааллын мэргэжлийн оюутнуудыг талбайн судалгаанд оролцоход дэмжиж, практик сургалт, судалгаанд хамруулснаар мэргэжлийн чадавхыг нь хөгжүүлэхэд анхаарч байв. Улмаар 2023 онд Монголын ойн салбарын мэргэжилтнүүд АНУ-ын Ойн албаны хортонтой тэмцэх үйл ажиллагаатай танилцах судалгааны айлчлалд хамрагдаж, мэргэжлийн сургалтад оролцсон нь Монгол Улсын ой хамгааллын чадавх сайжрахад түлхэц болсноороо онцлог. 

Энэ ажил дараачийн жилүүдэд үргэлжилж Шинжлэх ухааны академи болон их сургуулиудтай хамтран ойн чиглэлээр дутагдаж буй залуу боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч, судлаач оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсэн нь бүр ч бодитой дэмжлэг болов. 

Ой хамгаалалд шинэ туршлага, технологи нэвтрүүлж, түүнийг урт хугацаанд хэрэгжүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгээд зогсохгүй АНУ, Канадын ойн шинжээчид хөнөөлт шавжтай тэмцэх Монгол Улсын үйл ажиллагаанд мэргэжлийн үнэлгээ хийж, хяналт шинжилгээ, шийдвэр гаргалтад учирч буй сул талыг тодорхойлж, стандартчилал тогтоох, сургалт, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг боловсронгуй болгох тал дээр зөвлөмж өгсөн нь “Эрүүл ой” төсөл зөвхөн ойн санг хамгаалаад зогсохгүй байгаль хамгааллын үйл ажиллагааг дэмжих цогц арга хэмжээ болсны илрэл юм. 

зураг
 

Ингэснээр 2022-2025 оны хооронд Монгол Улсын хөнөөлт шавжийн менежментийг сайжруулах, ойн бодлого дахь үндэсний чадварыг бэхжүүлэх, тогтолцоог бат бөх суурьтай болгож чадсан. Тэр дундаа ойн хөнөөлт шавжтай тэмцэх арга, үр дүн, бэлэн байдал сайжирч, Монгол Улсын ойн хөнөөлт шавжтай тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ орууллаа. 

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд “Рио Тинто Монгол” ХХК Монгол Улс дахь урт хугацааны хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг хамтран ажилласан юм.