Ш.Жолбарс: Хуульчийн мэргэжлийн шалгалтыг энэ оны аравдугаар сарын 28, 29, 30-нд Улаанбаатар хотод зохион байгуулна

Н.Эрхбаяр, iKon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын хуульчдын холбооноос хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд өнөөдөр (2025.07.03) мэдээлэл өглөө. 

Хуульчдын шалгалтыг энэ удаад 11 дэх жилдээ зохион байгуулна. Мэргэжлийн шалгалт нь холбогдох дүрэм журмын хүрээнд явагддаг. Хуулиараа бол мэргэжлийн шалгалтын товыг 75 хоногоос өмнө тогтоож, олон нийтэд мэдээлдэг

Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс "Хуульчдын холбооны зөвлөл наймдугаар сарын 6-нд хуралдаж, хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2025 оны аравдугаар сарын 28, 29, 30-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. 

Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй. Шалгалтын бүртгэл https://burtgel.mglbar.mn/ хаягаар явагдах бөгөөд 2026 оны наймдугаар сарын 14-ны өдрөөс эхэлж, 45 хоногийн хугацаатай явагдана. 2026 оны есдүгээр сарын 27-ны 00:00 цагт дуусгавар болно.

Хуульчийн мэргэжлийн шалгалт нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтоох зорилготой бөгөөд тус шалгалтад эрх зүйч мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшиж, хоёр жилийн хугацаанд мэргэжлийн дадлага хийсэн хүмүүс оролцох эрхтэй байдаг.

Тус шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийг сорьсон сорилгын болон эрх зүйн салбарын хүрээнд тодорхой тохиолдлыг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлогын шалгалтын хэлбэрээр зохион байгуулна.

Энэ жил хуульчийн мэргэжлийн шалгалтын сорилго тестийг шинэчилсэн, хэвлэлтэд ороод дуусах шатандаа явж байна. Сорилгын шалгалтад тэнцсэн хүмүүс бодлогын шалгалтад ороод гурван хэлбэрээр шалгуулна. Хуульчийн мэргэжлийн шалгалтын сорилго болон Бодлогын аргачлалын хэлбэр номыг ирэх долоо хоног буюу наймдугаар сарын 18-ны өдрөөс эхэлж худалдаанд гаргана" гэв.

"Нийт 200 тестийн 120 тест нь зөв хариулт өгөгдсөн, үлдсэн 80 тест нь зөв хариулт өгөгдөөгүй тестээс ирнэ"

Үргэлжлүүлэн Монголын хуульчдын холбооны шалгалтын хорооны гишүүн Т.Мөнх-Эрдэнэ "Хуульчдын холбооны шалгалтын асуудал эрхэлсэн хороо 2023 оны сүүлчээс эхэлж шалгалтын бодлогод шинэчлэл хийж байгаа.

“Хуульчийн мэргэжлийн шалгалтын сорилго” ном өмнө нь D хариулт нь зөв өгөгдсөн тест 100 хувь байдаг байсан бол одоо гурван хэсэгт хуваагдсан. Нэгт D хариулт нь зөв өгөгдсөн тест, хоёрт зөв хариулт өгөгдөөгүй буюу шалгалтад орж байгаа эрх зүйч өөрсдөө ажиллаж зөв хариуг олж тогтоох хэсэг, гуравт АНУ-ын мэргэжилтэнтэй хамтран боловсруулсан жишиг сорилго гэсэн хэсгээс бүрдэнэ.

Энэ жил 2,676 ширхэг D хариулт нь зөв өгөгдсөн тест байгаа. Зөв хариулт өгөгдөөгүй тест нэмэгдэж 1,874 тесттэй болсон. Үүний 100 тест нь шинээр зохиогдож нэмэгдсэн. Гуравт жишиг 38 тест бий, өнгөрсөн жилийг бодвол 20 тестээр нэмэгдсэн.

Шалгалтад ирэх тестийн процентыг харвал 2024 онд D хариулт өгөгдсөн тест нийт 200 тестийн 80 хувийг эзлээд, зөв хариулт өгөгдөөгүй тест 20 хувийг эзэлж байсан. Шалгалтын хорооноос зөв хариулт өгөгдөөгүй тестийг бууруулсан. Энэ жил D хариулт өгөгдсөн тестийн эзлэх хувийг 60 хувь, зөв хариулт өгөгдөөгүй тест 40 хувийг эзэлж байна. Нийт 200 тестийн 120 тест нь зөв хариулт өгөгдсөн, үлдсэн 80 тест нь зөв хариулт өгөгдөөгүй тестээс ирнэ. 

"Эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргачлал" номыг энэ жил дахин шинэчилж хэвлэсэн. Мөн хуульчийн шалгалтад бэлдэх сургалтыг шинэчилсэн. Энэ жил хэлбэр, арга зүй хэвээрээ явагдах бөгөөд сургалт энэ оны есдүгээр сарын 14-ний өдрөөс эхэлж, аравдугаар сарын 17-ны өдөр дуусна. Хуульчийн мэргэжлийн шалгалтад орох хүмүүс энэ хугацаанд өдрөө сонгоод оролцох боломжтой" хэмээн ярилаа.