Бельгид байшин засварлаж байсан ажилчид зоорийн хананд нуусан их хэмжээний алт илрүүлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бельги улсад амины орон сууц засварлаж байсан ажилчид зоорийн хананд нуусан 9 сая еврогийн үнэ хүрэх хэмжээний алт илрүүлжээ.

Тэд энэ долоо хоногийн эхээр Зүүн Фландерс мужийн нутагт оршдог эдлэн газарт шинэ бохир усны хоолой суурилуулахын тулд суурийн давхрын ханыг өрөмдөж байгаад санамсаргүй их хэмжээний алтан зоос, гулдмай зэргийг олсон юм байна.

Уг баялаг ажилчид болон тус эдлэнг эзэмшдэг орон нутгийн буяны байгууллага хоёрын олз болж магадгүйг Бельгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Цагдаагийн газар олдсон алтыг хамгаалалттай газарт нүүлгэн шилжүүлсэн тул хүмүүст дахин эрдэнэс хайхаар тус эдлэнд очихгүй байхыг анхааруулсан байна.

“Бид ийм их алт олоод нүдэндээ итгэхгүй байсан” гэж зуны амралтаараа тэнд ажиллаж байсан 18 настай Кобе хэмээх залуу Бельгийн VRT олон нийтийн телевизийн сувгаар ярьжээ.

Ажилчид ийм их хэмжээний алтыг хувьдаа авбал хулгайн гэмт хэрэг болно гэж үзээд цагдаад мэдэгдэхээр тохиролцсон гэнэ.

Эдлэнг эзэмшдэг CAW Oost-Vlaanderen буяны байгууллага тухайн орон нутгийн 47,000 орчим иргэдэд нийгмийн тусламж дэмжлэг үзүүлдэг юм байна.

Түүний захирал Герт Хиллаерт ийм хэмжээний алт олдсонд гайхаж байгаагаа илэрхийлээд өөрийнх нь байгууллагын хэрэгцээг хангахад зориулагдана гэдэгт найдаж байгаагаа хэлжээ.

Бельгийн хуулиар олдсон эрдэнэсийн эзэн таван жилийн дотор нэхэмжлэх эрхтэй байдаг ч одоогоор хэн эзэн болох нь тодорхойгүй байна.

Хэрвээ заасан хугацаанд эзэн гарч ирэхгүй бол эрдэнэсийг олсон этгээд болон олдсон газрыг эзэмшигч этгээд хувааж авах эрх үүсдэг.

Бас олдсон эрдэнэс гэмт хэрэгтэй холбоогүй нь батлагдсан байх ёстой.

Тиймээс засварын ажилчид болон буяны байгууллага хэн нэг эзэн гарч ирэхийг 1,823 хоног хүлээх хэрэгтэй болж байна.

 

Эх сурвалж: BBC