Монголын эзэнт гүрний үеийг харуулах "The Sacred Jewel" телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
10 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Гуулин улс буюу өнөөгийн солонгосчууд Монголын эзэнт гүрэнтэй 1231-1259 оны хооронд 30 орчим жил дайтсан бөгөөд үүнийг түүхэнд Монгол-Горёогийн долоон удаагийн довтолгоо гэж тэмдэглэдэг. 

Тэгвэл энэ үеийн үйл явдлыг өгүүлэх драм, романтик, түүхэн жанрын телевизийн цувралыг БНСУ-ын JTBC суваг олон нийтийн хүртээл болгохоор ажиллаж байна. Энэ оны сүүлээр үзэгчдэд хүрэх "The Sacred Jewel" цувралын анхны трэйлер цацагджээ.

зураг
 

Киноны гол үйл явдал 1258 онд буюу хоёр улсын дайны төгсгөлийн үеийг харуулдаг байна. Улс орноо монголчуудын түрэмгийллээс хамгаалахын тулд төрийн бэлгэдэл болсон Авалокитешвара буюу Жанрайсэг бурхны ариун эрдэнэ шүрийг олж авчрах тусгай багийн тухай зохиомол түүхийг өгүүлэх юм. 

Тус цувралын гол дүрд Ан Бо-Хён, Ли Сон Мин, гүнжийн дүрд Клаудиа Ким нар тогложээ. 

"Avengers: Age of Ultron", "Fantastic Beasts: The Crimes of Grindelwald" зэрэг Холливүүдийн кинонд туслах дүр бүтээсэн Клаудиа Ким өмнө нь "Marco Polo" телевизийн цувралд Хутулун гүнжийн дүр бүтээсэн билээ. 

Өдгөө 57 настай Ли Сон Миний хамгийн сүүлд тоглосон "Teach You a Lesson" цуврал үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй.

Ирэх арванхоёрдугаар сард нээлтээ хийх шинэ цувралыг "Amazon Prime"-аар үзэх боломжтой юм байна.