Онгоцны хагарсан цонхоор зорчигч сорогдож, хүнд бэртсэн ослын дараа хөдөлгүүр дотроос шувууны үлдэгдэл олджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
35 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард Грекээс хөөрсөн Ryanair компанийн Boeing 737 NG нисэх онгоцны хагарсан цонхоор нэг зорчигчийн биеийн хэсэг сорогдож гарсан ослын дараа тус онгоцны хөдөлгүүрээс шувууны үлдэгдэл олджээ.

АНУ-ын Тээврийн Аюулгүй Байдлын Үндэсний Зөвлөл (NTSB) өчигдөр буюу Пүрэв гарагт уг ослын шалтгааныг мөрдөн шалгасан эхний үр дүнгээ танилцуулсан юм.

Долдугаар сарын 10-ны өдөр Германы чиглэлд хөөрсөн уг онгоцны нэг цонхыг хөдөлгүүрээс салсан хэсэг цохиж, хагалсны улмаас дотоод агаарын битүүмж алдагдсан тул буцан газардаж байжээ.

Энэ үеэр нэг эрэгтэй зорчигчийн биеийн хэсэг цонхоор сорогдон гарч, хүнд бэртсэн бөгөөд уг зорчигчийг Грекийн Тессалонки хотын эмнэлэгт хэвтүүлсэн байна.

Сүүлийн жилүүдэд онгоцны хөдөлгүүрт шувуу орсноос шалтгаалсан байж болзошгүй осол гэмтлийн тоо нэмэгдэж байгааг NTSB тайландаа дурджээ.

Тухайлбал 2018 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Southwest Airlines компанийн нислэгийн үеэр хагарсан цонхоор нэг зорчигчийн биеийн хэсэг сорогдож гарсны улмаас амиа алдаж байсан юм.

Үүнийг Ryanair компанийн осолтой ижил шалтгаантай байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгааг NTSB мэдээлжээ. Ryanair-ийн онгоцны CFM хөдөлгүүрийг Францын Safran, АНУ-ын General Electric компаниуд хамтран үйлдвэрлэсэн юм байна.

Уг хөдөлгүүрт шувуу нэвтрэх боломж байдаг эсэхийг бас шалгаж эхэлжээ.

 

Эх сурвалж: Reuters