Ормузын хоолой АНУ-ын нутаг дэвсгэр болсныг тун удахгүй зарлахаа Трамп амлав
Ираныг дайнд ялсныхаа дараа Ормузын хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болсныг зарлахаа ерөнхийлөгч Дональд Трамп амлажээ.
Баасан гарагт Нью-Йорк мужийн Гарден Сити хотын цагдаагийн академид болсон улс төрийн арга хэмжээний үеэр тэр “Одоо маш их хохирол амсаад байгаа Ираныг ялсныхаа дараа тун удахгүй би Ормузын хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болсныг зарлах болно. Энэ үнэн шүү” гэж инээмсэглэн хэлсэн юм.
Трампын энэ мэдэгдэл хэр нухацтай болох, түүний шинэ бодлого мөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Үүний дараахан Ираны гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади тус улс Вашингтоны ямар ч аюул заналхийлэл, сүрдүүлэгт бууж өгөхгүйг мэдэгджээ.
Трампын хэлсэн үгийн талаар тэр дараа нь сошиал хуудсандаа бичихдээ стратегийн ач холбогдолтой усан зам зөвхөн Ираны хүслээр нээгдэж, хаагдахыг мэдэгдсэн байна.
Трамп хоёрдугаар сарын 28-ны өдөр Израилийн хамт Ираны эсрэг дайныг эхлүүлэхдээ Техраны цөмийн хөтөлбөрийг устгаж, ард түмний бослогыг дотроос нь өдөөх зорилготой байсан.
Гэвч Ираны эрх баригчид дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн чухал зам болох Ормузын хоолойд хяналтаа тогтоосноор дайн сунжирсан.
АНУ үүний хариуд Ормузын хоолойг гадуур нь бүслэн хааж, Ираны боомтуудыг чиглэсэн ачаа тээврийн урсгалыг зогсоох замаар хариу шахалт үзүүлж байгаа.
“Бидэнд хаалт байна. Бид хүсэхгүй бол ямар ч хөлөг онгоц нэвтрэх боломжгүй” гэж Трамп өчигдөр бас хэлжээ.
Тэрбээр бензин шатахууны үнийн бага зэрэг өсөлтийг тэвчихийг америкчуудад уриалж, энэ нь “маш муу муухай” улсыг цөмийн зэвсэгтэй болгохгүйн төлөө гарах ёстой зардал болохыг тайлбарласан байна.
“Бидний хийж буй зүйл бол зөвхөн манай улсын тусын тулд биш дэлхий нийтийн сайн сайхны төлөө юм. Бид үнэхээр сайн ажиллаж байгаа” гэж Трамп хэлээд Ираны эсрэг дайн дэгдээсний төлөө хэзээ ч уучлал гуйхгүйгээ мэдэгджээ.
Арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгууль ойртох тусам Трампын улс төрийн эрсдэл улам нэмэгдэж байгаа.
Тэрбээр ерөнхийлөгчөөр сонгогдохдоо эрчим хүчний үнэ өртгийг бууруулах амлалт авсан нь өнөөдөр эсрэгээрээ биелэх боломжгүй болоод байна.
Ираны эрх баригчид бас дайныг сунжруулж, Трампын засаг захиргаанд үзүүлэх дарамт шахалтаа улам нэмэгдүүлэх сонирхолтой байгаа нь харагдаж байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
