П.Билгүүндалай, Д.Нарантулга тэргүүтэй эрэгтэй зургаа, эмэгтэй нэг тамирчин 20 хүртэлх насны залуучуудын ДАШТ-д зодоглоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-ноос зохион байгуулдаг 20 хүртэлх насны залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 16-наас 23-ныг дуустал Словакийн Братислав хотод болох юм.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Э.Гүндэгмаа, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Б.Наран-Өлзий, 61 кг-ын жинд Э.Дөлгөөн, 65 кг-ын жинд М.Аманбек, 70 кг-ын жинд А.Анх-Эрдэнэ, 86 кг-ын жинд П.Билгүүндалай, 125 кг-ын жинд Д.Нарантулга нар зодоглох аж.

П.Билгүүндалайгийн аав нь улсын арслан Р.Пүрэвдагва бол Д.Нарантулга нь улсын харцага М.Дармаабазарын хүү бий.

Мөн Д.Нарантулга өнгөрсөн жилийн ДАШТ-д V байр эзэлж, тивийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртэж байв. 

20 хүртэлх насны залуучуудын ДАШТ хамгийн анх 1969 оноос эхэлсэн түүхтэй. Манай үе үеийн залуучууд энэ тэмцээнээс таван алт, 10 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэн амжилтаараа 21-т жагсдаг. Өнгөрсөн жил Болгарын Самоков хотод болоход эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Одзаяа хүрэл медаль хүртсэн билээ.

Харин 2024 онд эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Б.Халиун мөнгө, эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Б.Намбардагва хүрэл зүүж байлаа.