"Өмнө нь нэг багшийг захирал, суралцагч зэрэг олон хүн үнэлдэг байсан. Харин энэ жил бүтэн жилийн үр дүнг нь нотлох баримтад тулгуурлаж үнэлнэ"

М.Батчимэг, ikon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ жилээс эхлэн сургалтын байгууллагын болон багшийн үнэлгээний нийлбэр дүнгээр тухайн багшийн үр дүн тооцогддог болж, урамшууллын төсвийг нэгтгэж олгоно гэдгийг Боловсролын яамнаас өнөөдөр мэдээллээ. 

Нээлттэй санал асуулгаар цэцэрлэг, ЕБС-ийн багш нарын олонх нь "багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг нэгтгэсэн байдлаар зохион байгуулж үр дүнг нь тооцдог байя" гэх хувилбарыг сонгосон байна. 

Иймд энэ жилээс байгууллагын болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээг нэгдсэн байдлаар зургаан шалгуур, СӨБ-ын түвшинд 12, ЕБС-ийн түвшинд 12 үзүүлэлтэй байхаар багцалж гаргажээ. 

  • Боловсролын үнэлгээний төвөөс байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг цэвэр хөндлөнгөөс зохион байгуулна.
  • Харин багш нарын үнэлгээг тухайн сургууль, цэцэрлэгийн үнэлгээний баг нь БҮТ-өөс гаргаж өгсөн аргачлал, шалгуур үзүүлэлтийн дагуу багш нараа оноожуулж үнэлнэ гэв. 

Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнг шалгах бичгийн шалгалтыг авахдаа: 

  • СӨБ-д: Зөвхөн 4, 5 настай буюу ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдээс тусгайлан болон нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон сорил шалгалтыг авна.  
  • ЕБС-д: 3-12-р ангийнхнаас авна. 

Өмнө нь нэг багшийг захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, заах аргын нэгдлийн ахлагч, хамт олон, суралцагч, суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч зэрэг маш олон хүний оролцоотой үнэлдэг байжээ.

Харин энэ жилээс багшийг зөвхөн тухайн сургуулийн үнэлгээний комиссын гишүүд нь бүтэн жилийн үр дүн, ажлын амжилт ахицыг нотлох баримт дээр тулгуурлаж үнэлгээжүүлнэ гэв. 

Санхүүжүүлэлт: 

Мөн өмнө нь багш, байгууллага хоёрын урамшууллын төсөв тусдаа байдаг байсан бол энэ жилээс тухайн сургууль хэр үнэлэгдсэнээс шалтгаалж санхүүжүүлэх аж. 

Тус санхүүжилтийг тухайн байгууллага хэн гэдэг багш хэддүгээр индекст үнэлэгдэж хэдэн төгрөгийн урамшуулал авахыг БҮТ-өөс гаргаж өгсөн аргачлалын дагуу олгоно гэв. Бүх багш нарт хавтгайруулж олгохгүй. Дараа нь багш нарыг үнэлсэн үнэлгээ үнэн зөв эсэхэд мониторинг хийх учир үнэн зөв, бодитой гаргаагүй бол өндөр хариуцлага тооцох юм байна.