Ирантай ямар ч яриа хэлэлцээ болоогүйг Трамп мэдэгдээд Ормузын хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгосон зургийг нийтлэв
Иран улстай ямар ч яриа хэлэлцээ явуулаагүй, төлөвлөөгүй байгааг ерөнхийлөгч Трамп өчигдөр мэдэгдээд дараа нь Ормузын хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон харуулсан газрын зургийг сошиал хуудсандаа нийтэлжээ.
Долоо дахь сардаа үргэлжилж буй Ираны дайн ойрын үед дуусах шинж тэмдэг харагдахгүй байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд Трамп дэлхийн эрчим хүчний чухал усан зам болох Ормузын хоолойд эрх мэдлээ тогтоохоор заналхийлдэг болоод байна.
Даваа гарагт түүний хүргэн Жаред Кушнер хоёр тал “маш эерэг, идэвхтэй яриа хэлэлцээ” явуулж байгааг мэдэгдсэн ч Трамп өчигдөр үүнийг үгүйсгэжээ.
“Исламын Бүгд Найрамдах Иран Улстай ямар ч яриа хэлэлцээ явуулаагүй, төлөвлөөгүй байна. Тэнгисийн бүслэлт хүчин төгөлдөр хэвээр байгаа. Ормузын хоолой нээлттэй, ажиллаж байна. Усны бүх минийг зайлуулах буюу тэслэх арга хэмжээ авсан” гэж Трамп эхлээд мэдэгдсэн юм.
Сүүлд тэр Ормузын хоолойг “АНУ-ын шинэ газар нутаг” гэж тэмдэглэсэн газрын зургийг сошиал хуудсандаа нийтэлжээ.
Трамп энэ санаагаа өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт анх удаа илэрхийлж байсан юм.
Тэрбээр хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш бусдын газар нутгийг АНУ-д нэгтгэх ийм санааг олон удаа илэрхийлээд байгаа.
Тухайлбал тэр хөрш Канадыг АНУ-ын 51 дэх муж болгох, Дани улсаас Гринланд арлыг булааж авах, Куба арлыг эзлэх, тэр ч байтугай Палестины нутаг дэвсгэр Газын зурвасын хяналтыг авах зэрэг санаануудыг илэрхийлж байсан.
Гэхдээ одоогоор эдгээрийн алиныг ч гүйцэлдүүлэх алхам хийгээгүй байна.
Ираны дайн хоёрдугаар сарын 28-ны өдөр эхлэхээс өмнө Ормузын хоолой нээлттэй, олон улсын чөлөөт усан зам байсан юм. Уг хоолойгоор дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн тавны нэг орчим дамжин өнгөрдөг байв.
Харин Техраны дэглэм одоо өөрийнх нь тавьсан хатуу шаардлагуудыг Вашингтон биелүүлэхээс нааш уг хоолойг нээх төлөвгүй байна.
Энэ хооронд АНУ-д инфляц, бензин шатахууны үнэ өсөж, Трампын олон нийтийн дэмжлэг буурсаар байгаа.
Хэрвээ байдал энэ хэвээр үргэлжилбэл арваннэгдүгээр сард болох чухал сонгуулиар Конгресс дахь хяналтаа Трамп алдаж болзошгүй болоод байна.
Даваа гарагт Ормузын хоолойн хяналтын асуудлаар Ирантай хэлэлцээ хийж байгаа АНУ-ын холбоотон Оман улсыг бөмбөгдөхөөр заналхийлсэн нь Трампын бухимдал нэмэгдэж байгаагийн нэг илрэл болсон юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

