АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын олон нийтийн дэмжлэг хамгийн доод төвшиндөө буюу 33 хувьд хүрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Даваа гарагт нийтлэгдсэн Reuters/Ipsos-ийн санал асуулгын дүнгээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын олон нийтийн дэмжлэг бүрэн эрхийн хугацааных нь хамгийн доод төвшинд буюу 33 хувьд хүрснийг харуулжээ.

Дөрвөн өдрийн санал асуулгад оролцсон америкчуудын ердөө 33 хувийнх нь санаанд Трампын бодлого, үйл ажиллагаа нийцсэн бол 64 хувьд нь таалагдаагүй байна.

Энэ сарын эхээр явуулсан өмнөх санал асуулгаар Трампын дэмжлэг 35 хувьтай гарч байсан юм.

Сүүлийн үзүүлэлт нь түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацааны хамгийн доод төвшин болж, эхний бүрэн эрхийн хугацааны хамгийн доод төвшин болох 2017 оны арван хоёрдугаар сарын үр дүнтэй тэнцсэн байна.

Өнгөрсөн онд Цагаан ордонд буцаж ирснийх нь дараа америкчуудын тал орчим хувь Трампыг дэмжиж байсан юм. Харин энэ онд Израильтай хамтран Ираны эсрэг дайн дэгдээсэн нь түүний нэр хүндийг огцом унагаад байна.

Уг дайны улмаас дэлхий даяар эрчим хүчний хямрал нүүрлэж, бензин шатахууны үнэ АНУ-ын айл өрхүүдэд дарамт учруулах болсон юм.

Инфляцыг хязгаарлаж, урт хугацааны дайн мөргөлдөөнд АНУ-ыг татан оруулахгүйгээ сонгуулийн үеэр амлаж байсан Трампын хувьд Ираны дайн томоохон сорилт болж байна.

Дэлхий дахинд заналхийлж буй Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох цорын ганц арга зам нь хүч хэрэглэх болохыг Трамп дайны эхэнд тайлбарлаж, хэдхэн долоо хоногийн дотор дуусгахаа амлаж байв.

Гэвч энэ дайн өнөөдөр долоо дахь сардаа үргэлжилж, хэзээ дуусах нь бүрхэг хэвээр байна.

Reuters/Ipsos-ийн санал асуулгад оролцсон америкчуудын 80 орчим хувь нь, түүний дотор Ардчилсан Намын дэмжигчдийн 87 хувь, Бүгд Найрамдах Намын дэмжигчдийн 71 хувь Ираны дайныг “удаан хугацаанд үргэлжилнэ” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Ердөө 16 хувь нь мөргөлдөөн сар хүрэхгүй хугацааны дотор дуусах магадлалтайг илэрхийлсэн байна.

Уг санал асуулгад АНУ даяар оршин суудаг 1,166 насанд хүрэгчийг хамруулжээ. Алдааны хязгаарыг нэмэх, хасах 3 хувийн хооронд хэлбэлзэхээр тооцсон байна.

 

Эх сурвалж: Reuters