Ирэх оны зун 21 дүгээр зууны хоёр дахь хамгийн урт нар хиртэлт Египетийн хаадын хөндийд ажиглагдана
2027 оны наймдугаар сарын 2-ны өдөр Умард Африк, Европ, Ойрх Дорнодод нарны бүтэн хиртэлт ажиглагдахыг NASA мэдээлжээ.
Гэхдээ Египетийн өмнөд бүсийн эртний пирамидууд төвлөрсөн “хаадын хөндий” гэгддэг Луксор хотын ойр орчимд уг үзэгдэл хамгийн удаан буюу зургаан минут, 23 секундийн турш ажиглагдах гэнэ.
Үүнээс урт үргэлжлэх нарны хиртэлт 2114 оныг хүртэл дахин ажиглагдахгүйг NASA баталжээ.
Тиймээс уг үзэгдэл нь 21 дүгээр зууны хоёр дахь хамгийн урт нарны хиртэлт болж байгаа юм байна.
Зөвхөн 2009 онд тохиосон нарны хиртэлт үүнээс урт үргэлжилсэн ч Японы зүүн өмнөд эргээс олон зуун километрын зайд Номхон далайн усан дээрээс бүрэн ажиглах боломжтой байсан юм.
Харин ирэх жилийн нарны хиртэлт Атлантын далайгаас Энэтхэгийн далай хүртэл орон зайг хамарч, 259 км өргөн хэсэгт оргил үе нь тохиох тул Испанийн Кадиз, Мароккогийн Тангерс, Алжирын Оран, Ливийн Бенгази, Саудын Арабын Жедда зэрэг олон том хотын оршин суугчдад ажиглах боломж олдож байна.
Гэхдээ тэдний алинд ч Луксор хот шиг бүтэн хиртэлт ажиглагдахгүй юм.
“Зургаан минут, 23 секунд бол маш урт хугацаа. Энэ бол хүний нүд харанхуйд дасахад хангалттай хугацаа” гэж Оксфордын Их сургуулийн астрофизикийн профессор Рожер Дэвис хэлжээ.
Гэхдээ Луксорт энэ ховор үзэгдлийг ажиглахад цаг агаарын нөхцөл байдал хүндрэл учруулж болзошгүйг судлаачид анхааруулж байна.
Жилийн энэ үед Сахарын цөлийн тус хотод агаарын температур Цельсийн 41 хэмийг давж халдаг.
Нар хиртэлт орон нутгийн цагаар 11:40 цагаас эхэлж, 1:05 цагт оргилдоо хүрэх бөгөөд үд дундын их халуун ажиглах хүмүүсийн эрүүл мэнд болон техник хэрэгслийн хэвийн ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт Европт тохиосон нарны хиртэлтийн үеэр маш олон жуулчид цугларсны улмаас Исланд, Испани улсуудад зочид буудлын үнэ тус бүр 98, 135 хувиар өссөн юм.
Энэ үзэгдэл ирэх зун бас тохиох нь гарцаагүй болжээ.
Booking.com платформын мэдээлснээр ирэх оны нар хиртэлтийн үеэр Луксор хотын зочид буудлуудын 90 гаруй хувь бүрэн захиалагджээ. Үлдсэн сул буудлуудын нэг хоногийн үнэ $2,695 хүрээд байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

