Ж.Хаш-Эрдэнэ: Нэг залгуурт олон зүйл залгахгүй, цахилгаан халаагуур хэрэглэхдээ хэт ачаалал үүсгэхгүй байгаачээ гэж хэлмээр байна
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн галлагааны аюулгүй байдлыг хангуулах, гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрсдэлийг бууруулъя- Аюулгүй байдлыг хангая” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ. Тус арга хэмжээ 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.
Энэ тухай Нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Г.Жаргалсайхан "Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудын зүгээс “Эрсдэлийг бууруулъя-Аюулгүй байдлыг хангая” уриан дор ард иргэдээ гал түймрийн болон угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөт ажлын зохион байгуулж эхэлж байна.
Өнгөрсөн 2025 онд Улаанбаатар хотод 2,500 орчим гал түймрийн хэрэг бүртгэгдсэн. Шалтгааныг авч үзвэл урьдчилан сэргийлэх боломжтой буюу 27% нь цахилгааны монтажаас, 63% нь иргэдийн санамсар, болгоомжгүй байдлаас гал түймэр гарсан. 10 гал түймэр тутмын ес нь иргэн, ААН, байгууллагууд цахилгааны аюулгүй байдлаа хангачихвал гал түймэр гарахгүй байх боломжтой байна.
Энэ жилийн галлагааны улиралд 5,000 өрхийн 20,000 орчим иргэн газан хийн халаагуурт шилжиж байгаа учраас илүү их сонор сэрэмжтэй, болгоомжтой байх шаардлага тулгарч байна.
Галын аюулгүй байдал, угаарын хийн эрсдэлээс иргэн, ААН, байгууллагууд урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангахад хамтарч ажиллая, санал санаачилгатай байхыг уриалъя" гэв.
Нийслэлийн Онцгой Байдлын Газрын эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Ж.Хаш-Эрдэнэ "Сүүлийн өдрүүдэд хогийн цэгт гал түймэр гарах нь ихсэж байна.
Тамхины ишээ унтраахгүй хаях, цогтой үнс, нурмаа ил задгай газар хаях зэрэг шалтгаанаас гал түймэр гарч байна.
Цахилгааны аюулгүй байдлыг хангах тухайд нэг залгуурт олон зүйл залгахгүй байх, цахилгаан халаагуур хэрэглэхдээ хэт ачаалал үүсгэхгүй байх, пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг шалгаж байж галладаг байгаач ээ гэж хэлмээр байна" хэмээн зөвлөлөө.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд суурилуулсан бөгөөд алслагдсан Багахангай, Багануур, Налайх дүүрэг багтжээ.
Өндрийн камер нь хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлж, 10 километр хүртэлх радиуст гал түймрийн аюулыг мэдрэх боломжтой байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
