Э.Батбаяр: AI системтэй, 10 километрийн радиуст утаажилтийн бүсийг мэдрэх камерыг нийслэлийн 13 байршилд суурилуулж байна

Д.Янжиндулам, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

10 километрийн радиуст галын аюулыг шуурхай илрүүлэх, утаа мэдрэгчтэй терминал камерыг нийслэлийн есөн дүүрэгт суурилуулж байгаа аж.

Энэ тухай Нийслэлийн Онцгой Байдлын Газрын(НОБГ) дэд дарга Э.Батбаяр "Нийслэлийн Онцгой Комиссын шуурхай удирдлагын зарлан мэдээллийн төвийн хэрэгжүүлэх хамгийн гол ажил нь терминал PTZ камер буюу 10 километрийн радиуст AI ухаалаг системээр орчны хөдөлгөөн, утаажилтийн бүсийг мэдрэх камерыг нийслэлийн 13 байршилд суурилуулах юм.

Өнөөдрийн байдлаар PTZ камерыг суурилуулах ажлын явц 70 орчим хувьтай байна. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хүн амын нягтаршил, гэр хороолол ихтэй бүсэд 9 камерыг хэрсэн буюу бие биеэ ажиглах байдлаар дотогш хумьж сууриллаа. 

Налайх дүүрэгт байрлуулсан, Багануур, Багахангай дүүрэгт уг камерыг суурилуулна.

PTZ терминал камер нь утаажилт мэдрэх хэсэгтэй, 360 градус эргэж бичлэг хийнэ. Гал түймрийн сэжигтэй тохиолдол илэрвэл тухайн орчинд тандалт, үнэлгээ судалгаа хийх үндсэн үүргийг гүйцэтгэнэ" гэж мэдээллээ.

НОБГ-ын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Төрөө: Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны орон сууцны дээвэр дээр байрлуулсан 10 километрийн радиуст AI ухаалаг системээр хянах дулаан мэдрэгчтэй камер нь Гал унтраах ангиудад мэдээлэл өгч, бүрэн ашиглах юм.