Москва хот Украины дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын довтолгоонд өртжээ

Т.Давааням, ikon.mn
20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагаас Мягмар гарагт шилжих шөнө Украины 637 нисгэгчгүй онгоц Москва хот болон түүний ойр орчмын бүс нутагт довтолсныг тус хотын захирагч Сергей Собянин мэдээлжээ.

Үүнийг Украины дайн эхэлснээс хойших Москваг чиглэсэн хамгийн том агаарын довтолгоонуудын нэг гэж үзэж байна.

Оросын зэвсэгт хүчин Москва мужийн нутаг дэвсгэр дээр 180 орчим дроныг унагасан бөгөөд цохилтод өртсөн газруудад онцгой байдлын албан хаагчид ажиллаж байгааг Собянин нэмж мэдээлжээ.

Гэхдээ тэр учирсан хохирлын талаар дурдаагүй байна.

Харин Москва мужийн захирагч Андрей Воробьев дронууд онлайн худалдааны Wildberries компанийн Москвагийн ойролцоох агуулах болон өөр нэг байгууламжид довтолсны улмаас гурван хүн шархадсаныг тусдаа мэдээлжээ.

Шархадсан хүмүүсийн дунд 10 настай охин байсан гэнэ.

Wildberries компани Москва орчмын агуулах дээр нь дроны хэсэг унахдаа бага хэмжээний гэмтэл учруулсныг баталжээ.

Бүс нутгийг эрчим хүчээр хангагч Мособлэнерго компани дэд бүтэц нь дроны цохилтод өртсөний дараа 5,000 гаруй өрх цахилгаангүй болсныг мэдээлсэн байна.

Мягмар гарагт Оросын өөр хэд хэдэн бүс нутаг, эзлэгдсэн Крымийн хойг Украины агаарын довтолгоонд өртжээ.

Крымийн хойгийн хамгийн том эрчим хүч нийлүүлэгч Крымэнерго цохилтын улмаас тус хойгийн өмнөд хэсгийн хэд хэдэн суурин газар цахилгаангүй болсныг баталсан байна.

Нөгөө талд Оросын шөнийн агаарын цохилтын үеэр Украины зүүн хойд Харьков мужийн нутагт 10 хүний амь үрэгджээ.

“Бид Оросын энэ цохилтын хариуг гарцаагүй өгөх болно” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ээлжит мэдэгдлийнхээ үеэр хэлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters