2026 оны эхний долоон сард гадаад худалдааны тэнцэл ТАВАН тэрбум ам.долларын ашигтай гарлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний улирлын үзүүлэлтийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос танилцуулах үеэр гадаадад худалдааны талаар мэдээлэл өглөө.

Монгол Улс 2026 оны эхний долоон сард нийт 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 12.2 тэрбум ам.доллар, импорт 7.2 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 5.1 (36.0%) тэрбум ам.доллар, экспорт 4.5 (57.5%) тэрбум ам.доллар, импорт 675.5 (10.4%) сая ам.доллар, тэнцэл 3.8 (4.0 дахин) тэрбум ам.доллароор тус тус өссөн байна.

зураг
 

 

Экспорт 2026 оны эхний 7 сард өмнөх оны мөн үеэс 4.5 тэрбум ам.доллароор өсөхөд зэсийн хүдэр ба баяжмал 2.6 тэрбум ам.доллар, нүүрс 1.7 тэрбум ам.доллар, самнасан ноолуур 71.2 сая ам.доллар, гянтболдын хүдэр, баяжмал 42.0 сая ам.доллар, хар тугалгын хүдэр, баяжмал 37.6 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин тунгаасан зэс ба хайлш 37.9 сая ам.доллар, молибдены хүдэр ба баяжмал 12 сая ам.доллар, адууны мах 7.3 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 1.5 сая ам.доллароор тус тус буурсан байна.

зураг
 
зураг
 
БНХАУ-д экспортолсон барааны 41.0 хувийг нүүрс, 47.4 хувийг зэсийн хүдэр, баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.3 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс, нэхмэл эдлэлийн экспорт нийт экспортын 97.6 хувийг эзэлж байгаа бол импортын 70.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлсэн аж.

зураг
 

Импорт өмнөх оны мөн үеэс 675.5 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 343.7 сая ам.доллар, автобензин 58.2 сая ам.доллар, шинэ дугуй 41.4 сая ам.доллар, хар төмөр бүтэц, эд анги 33.5 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин суудлын автомашин 155.0 сая ам.доллар, ачааны автомашин 57.0 сая ам.доллар, ухаалаг гар утас 19.6 сая ам.доллароор тус тус буурсан байна.

зураг
 

2026 оны эхний 7 сарын байдлаар ОХУ-аас импортолсон барааны 74.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 76.5 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 5.8 хувийг ачааны автомашин тус тус эзэлж байна.

зураг
 
зураг