Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулан "Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж" сэдвээр эрдэмтэд хуралдлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан "Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж" сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Чингис хаан үндэсний музейд боллоо.

Монголын музейн салбарт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн оруулсан хувь нэмэр, тус музей дэх монголчуудын оюун санааны дархлаа болсон үзмэр, цуглуулгын урлал, хийц, технологийн талаар судалсан үр дүнг хэлэлцэх зорилгоор тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрдэмтэн судлаачид 

  • Дүрслэх урлагийн музейн түүхэн замнал, сан хөмрөгийн бүрдэл, үзмэр цуглуулгын судалгаа,
  • Дүрслэх урлагийн музей дэх Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдийн ур хийц, бэлгэдэл, илэрхийллийн онцлог,
  • Дүрслэх урлагийн музейн хөгжил дэх эрдэмтэн судлаачдын оролцоо,  
  • Нүүдэлчдийн урлахуйн ухааны өвийг хадгалж, хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд музейн гүйцэтгэж буй үүрэг зэрэг чиглэлийн хүрээнд 23 илтгэл тавигдсан юм.
Хурлаар тус музейн сан хөмрөг дэх нэн эртнээс ХХ зууны эхэн үеийн үзмэр, цуглуулгын судалгааны үр дүн, тухайлбал Өндөр гэгээн Занабазарын зарим бүтээлийн материал, ур хийцийн онцлог, Хүрээ хамба Агваанхайдавын зохиосон урлахуйн ухааны бүтээл, марзан Шаравын эх бүтээлийн шинжилгээ, монгол шатар зэргийг нарийвчлан шинжилсэн талаар хэлэлцүүлжээ.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрдэм шинжилгээний хуралд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Богд хааны ордон музей, Улаанбаатарын хотын музей, Оросын Дорно дахины урлагийн музей, Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит Их Сургууль, СУИС-ийн Дүрслэх урлагийн академи, Өвөрхангай аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Зүүн хүрээ коллеж, Гандандпунцоглин хийд зэрэг гадаад, дотоодын 10 орчим байгууллагын эрдэмтэн судлаачид судалгааны үр дүнгээ танилцууллаа.