Санхүүгийн эрх чөлөө: Цаг хугацаа бол хамгийн үнэт хөрөнгө
Ти Ди Би Ассет Менежмент ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Амгаланзаяа
Хүн бүр хүссэн ч эс хүссэн ч өдөр тутам санхүүгийн шийдвэрүүд гаргаж байдаг. Мөнгө, орлого, зардалтай холбоотой шийдвэр бүр санхүүгийн шийдвэр гэдгийг бид тэр бүр ухамсарладаггүй, бидний өдөр тутмын санхүүгийн шийдвэрүүд нь таны өөрийн, таны гэр бүлийн санхүүгийн эрүүл мэндэд урт хугацаанд яаж нөлөөлөхийг бодохгүйгээр гаргаж дадсан байдаг. Гэвч хувь хүний санхүүгийн асуудал бол хамгийн төлөвлөгөөтэй, зорилготой, сахилга баттай хандах ёстой асуудал юм. Харамсалтай нь төлөвлөгөөгүй санхүүгийн шийдвэрүүдийн өртөг таны бодож байгаагаас хамаагүй өндөр байдаг.
Өнөөдөр бид хувь хүний, айл гэрийн, улс орны түвшинд ч энэ асуудалд хамгийн хайнга хандаж байгаа нь хэдхэн үзүүлэлтээс тодорхой харагддаг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар банк, санхүүгийн байгууллагуудын олгосон зээл 50 их наяд төгрөг рүү дөхөж байгаагаас 18-19 их наяд нь бизнесийн зориулалттай зээл бол 28-29 их наяд нь өрхийн болон хэрэглээний зээл, үүн дотор анхаарал татаж буй нэг тоо нь финтек буюу хүмүүсийн нэрлэж дадсанаар зээлийн аппликэйшнаас авсан өндөр хүүтэй зээлийн үлдэгдэл бараг 3 их наяд төгрөг даваад байна.
Эндээс өрхийн болон хувь хүмүүсийн түвшинд өрийн дарамт өндөр байгааг, өндөр хүүтэй, хялбар зээлийн үлдэгдэл өндөр байгаа нь зээл олгож л байвал авах сонирхол, хандлага түгээмэл байгааг харж болно. Ажлын байр бий болгож, бараа үйлчилгээ үйлдвэрлэж, түгээн нийгмийн нийт баялгийг нэмэгдүүлдэг бизнесийн зориулалттай зээл нийт олгосон зээлийн 40 хүрэхгүй хувийг бүрдүүлж байгаа нь чамлалттай.
Зээлж аваад, хэрэглэдэг, зээлж аваад үрдэг хандлагыг consumerism гэдэг бөгөөд айл өрх, хувь хүмүүсийн түвшинд өрийн дарамтыг байнга өндөр байлгаж, хуримтлал, баялаг үүсэх процессыг удаашруулдаг сөрөг нөлөөтэй. Өнгөрсөн сарын байдлаар 13%-ийг даваад байгаа инфляц бол сүүлийн жилүүдэд улсын төсвийн зарлагыг их хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй шууд холбоотой нь бид улс орны түвшинд мөнгө санхүүдээ хэрхэн ханддагийг ганц үзүүлэлтээр харуулсан тоо.
“Санхүүгийн эмзэг байдал” аас Санхүүгийн эрх чөлөө рүү
“Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх” гэдэг хэллэгийг та олон удаа сонссон байх. Хүн бүр санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зорилготой эсвэл дор хаяж хүсэлтэй байдаг биз ээ. Ингэхэд санхүүгийн эрх чөлөө гэдэг маань яг юу билээ? Олон улсад түгээмэл ашигладаг тодорхойлолтоор бол Санхүүгийн эрх чөлөө гэдэг нь хэмжээ хязгааргүй их мөнгөний тухай биш харин хүн ажил хийх шаардлагагүйгээр, одоо байгаа орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх албагүйгээр, бүх хэрэглээний зардлаа төлж чадах хэмжээний эсвэл түүнээс илүү хэмжээний тогтмол орлоготой байхыг ойлгодог.
Хэрэглээний зардал нь мэдээж тухайн хүний сонголт, амьдралын стандартаас шалтгаалах боловч, хэрэглээгээ ухаалгаар удирдаж, хязгаарлаж чадсан хүнд, санхүүгийн эрх чөлөө нь хүрэх боломжгүй холын зүйл биш ажээ. Санхүүгийн эрх чөлөөнөөс гадна санхүүгийн эрүүл мэндийн байдлаар нь хэд хэд хувааж болдог аж.
Санхүүгийн эмзэг байдал: Санхүүгийн эмзэг байдалд байгаа хүний нийтлэг шинжүүд нь, Цалингаас цалингийн хооронд амьдардаг, хуримтлалгүй, орлогын хэмжээтэйгээ харьцуулахад өндөр өр зээлтэй байдаг.
Санхүүгийн тогтвортой байдал: Тогтмол орлоготой. Тодорхой хэмжээний зээлтэй боловч орлогоороо зээлийн хүү, үндсэн төлбөрөө төлж чаддаг, сар бүр хуримтлал, хөрөнгө оруулалтаа нэмэх боломжтой түвшин.
Санхүүгийн баталгаатай байдал: 6-24 сарын нөөц хөрөнгөтэй буюу, орлого нь тасалдахад хэрэглээний зардлаа 6-24 сарын хугацаанд төлж чадах хэмжээний нөөцтэй, мөн тооцоолоогүй гэнэтийн санхүүгийн асуудал тулгарахад шийдвэрлэх боломжтой.
Санхүүгийн хараат бус байдал: Пассив орлого буюу, хөрөнгө оруулалтын өгөөж, ногдол ашиг, түрээсийн орлого, хадгаламж, бондын хүү, купон зэрэг өөрөө хүчин чармайлт гаргасан эсэхээс үл хамаарч орж ирж байдаг орлогоороо хэрэглээний зардлаа бүрэн санхүүжүүлж хүрдэг байх түвшин.
Санхүүгийн эрх чөлөө: Дээр дурдсан пассив орлого нь хэрэглээний тогтмол зардлууд болон гэнэтийн асуудлуудыг шийдвэрлэж хүрэх хэмжээнд хүрсэн. Орлого олох зорилгоор ажиллах шаардлагагүй болох буюу цаг хугацаагаа мөнгөөр сольдоггүй түвшин.
Хоёр гол хувьсагч: орлого vs зардал
Мэдээж хүн бүрийн хүсэл бол санхүүгийн байдлаа сайжруулах, санхүүгийн эмзэг байдлаас тогтвортой байдал руу, баталгаатай байдлаас, хараат бус байдал руу ахих, цаашлаад санхүүгийн эрх чөлөөнд хүрэх явдал.
Санхүүгийн байдлаа сайжруулах хамгийн эхний бодит алхам бол орлогоосоо бага зардал гаргах эсвэл зарлагаасаа давсан орлоготой байх. Хэрэв таны хувьд энэ харьцаа эсрэгээрээ байгаа бол, цаг хугацаа өнгөрөх тусам таны санхүүгийн эрүүл мэнд доройтох болно. Үүнийг сайжруулж болох хоёр бодит арга зам байдаг.
Эхнийх нь зардлаа танах. Хэцүү сонсогдож байж магадгүй, гэвч үнэн хэрэгтээ орлого, зардал хоёр аль аль нь таны бүрэн мэдлийн асуудлууд юм. Өнөөдөр, өчигдөр, өнгөрсөн сард таны гаргасан зардлын аль нь ч таныг мэдээгүй байхад гараагүй, тухайн үед худалдан авсан бараа, үйлчилгээг та өөрөө сонгож, үнийг нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг өөрөө төлсөн. Хэрэв зардлаа танаж, амьдралын стандартаа бууруулахыг хүсэхгүй бол орлогоо нэмэгдүүлэх хоёр дахь арга зам бас бий. Ур чадвараа нэмэгдүүлж, өөрийн үнэ цэнийг өсгөх, нэмэлт ажил, бизнес хийх зэрэг үнэхээр орлогоо нэмэгдүүлэхээр шийдсэн, үүний төлөө нэмэлт хүчин чармайлт гаргахаар шийдсэн хүнд боломж олон бий.
Дээрх хоёрын аль нэгийг эсвэл хоёуланг нь зэрэг ч хэрэгжүүлэх боломжтой. Насаараа зардлаа танаж, үргэлж орлогоо нэмэгдүүлэхийн төлөө шанал гэж зөвлөөгүйг анхаарна уу. Санхүүгийн байдлаа ямар түвшинд хүргэхийг хүсэж байгаагаа тодорхойлоод тэр хүртлээ тодорхой хугацаанд сахилга баттай байхад л хүрэх бүрэн боломжтой.
Орлого зардлын тухай үргэлжлүүлээд ярихад, Хангалттай хэмжээний цалин, орлого гэж байдаггүй. Олон хүн цалингаа нэмэгдчихвэл эсвэл бизнес нь томроод ирвэл санхүүгийн асуудал нь шийдэгдэнэ гэж боддог. Бодит байдал дээр тийм биш. Сард хоёр сая төгрөгийн орлоготой ч хуримтлал бий болгож чаддаг хүмүүс байхад сард арван сая төгрөг, эсвэл бүр түүнээс өндөр орлоготой ч үргэлж мөнгөний асуудалтай байдаг хүн ч бий. Учир нь орлого нэмэгдэхтэй зэрэгцэн хэрэглээ ч өсдөг. Илүү үнэтэй утас, илүү том машин авна. Илүү том байр хүснэ. Илүү үнэтэй, гоё сайхан бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэнэ.
Хүний амьдралын стандарт өсөх нь буруу биш. Энэ бол сайн, сайхан, амжилттай амьдарч байгаагийн илрэл гэж бид итгэдэг. Буруутгах аргагүй. Харин орлогын өсөлтөөсөө түрүүлж хэрэглээгээ өсгөх нь үргэлж асуудал дагуулдаг.
Хөрөнгө хуримтлуулж, урт хугацаанд санхүүгийн эрүүл мэндээ баталгаажуулах эхний алхам бол өндөр орлого биш. Харин хуримтлуулах дадал юм. Хуримтлуулах дадлыг бий болгохын зэрэгцээ, орлогоо нэмэгдүүлсэн бол мэдээж бүр сайн. Гэвч урт хугацаанд илүү нөлөөтэй байдаг хүчин зүйл нь орлогын нэмэгдэл биш хуримтлуулах дадал нь байдаг. Хуримтлуулах дадал гэдгийн цаана бид, орлого зардлаа зөв тооцож, мөнгө санхүүдээ сахилга баттай хандаж сурсныг давхар ойлгодог.
Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй
Санхүүгийн хүндрэлтэй байгаа хүмүүсээс "Өнгөрсөн сард яг юунд хэдэн төгрөг зарцуулсан бэ?" гэж асуувал ихэнх нь тодорхой хариулж чадахгүй. Компани алдагдалтай ажиллаж байвал хамгийн түрүүнд орлогын тайлангаа задлан шинжилдэг. Ямар хэмжээний орлого олсноос, яг юунд хэдэн төгрөг зарцуулаад байгаагаа нэгд нэгэнгүй харж, аль хэсэгт мөнгө их зарцуулагдаж байгааг магадгүй үр дүн багатай үрэгдэж байгааг олж, яаж сайжруулахаа шийддэг.
Хувь хүний санхүү ч адилхан. Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй. Зарлагаа бүртгэ, орлогоо хяна, хуримтлалаа хэмж. Ихэнх хүмүүс зарлагаа бүртгэж эхэлснээр өөрсдийнхөө хамгийн том дайсныг олдог. Тэр нь ихэнхдээ бага орлого биш. Харин анзаарагддаггүй, зайлшгүй шаардлагатай биш зүйлсэд зарцуулсан жижиг зардлууд байдаг.
Хэрхэн шийдэх вэ?
Орлого зардлаа хянадаг, хамгийн чухал нь зардлаа орлогоосоо давуулдаггүй бол, эсвэл цаашид давуулахгүй байхаар шийдсэн бол та санхүүгийн эрүүл мэндээ сайжруулах, бодит хөрөнгө, баялаг бүтээх эхний чухал алхмыг хийжээ. Одоо сар бүрийн зардлаа төлөөд илүү гарч байгаа орлогоо яах вэ? Энэ хэсгийг хуримтлал гэе. Хуримтлалыг өөрийг нь ажиллуулж, арвижуулж, хангалттай урт хугацаанд үүнийг давтаж чадвал бодит баялаг болдог. Бодит баялаг гэдгийг тодорхой томоохон асуудлыг шийдвэрлэж чадах хэмжээний хөрөнгө гэж үзье.
Жишээ нь байр авах, сургалтын төлбөр төлөх, таны эсвэл таны гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд гэнэтийн асуудал гарвал шийдвэрлэж чадах хэмжээний хөрөнгө оруулалт, хуримтлал гэе. Урт хугацаанд сахилга баттай байж, багагүй хичээж сар бүр бага, багаар илүүчилж, хуримтлуулаад л байвал болчих уу? Товчоор хариулбал үгүй. Та тасралтгүй хуримтлуулж байгаа хөрөнгөө тодорхой хэмжээний өгөөжтэй, тэр дундаа инфляцыг давсан өгөөжтэй өсгөх нь чухал. Азаар манай зах зээл дээр энэ шалгуурыг хангах хуримтлал, хөрөнгө оруулалтын олон бүтээгдэхүүн, хэрэгсэл бий болсон байна.
Нийлмэл хүү-найм дахь гайхамшиг уу?
Эйнштейнд холбож ярьдаг нэг алдартай үг байдаг. "Нийлмэл хүү бол дэлхийн найм дахь гайхамшиг" гэж. Аугаа Эйнштэйн яг ингэж хэлсэн эсэхийг мэдэхгүй ч санаа нь маш үнэн.
Нийлмэл хүү (compound interest) гэж юу болохыг товчоор тайлбарлавал. Жишээ нь: Та өнөөдөр нэг сая төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 12%-ийн хүүтэй хадгаламжид хийсэн гэе. Уг хадгаламжийн хугацаа дуусахад өөрийн хадгалсан мөнгөө бодогдсон хүүтэй нь эргүүлэн авна. Хүү нь 120,000 төгрөг болно. Та хадгаламжаа сунгахаар шийдэж, анхны нэг сая төгрөгөө түүнд бодогдсон хүү 120,000 төгрөгийн хамт дахин үргэлжлүүлэн хадгалбал, уг сунгасан хадгаламжийн хугацаа дуусахад 1,120,000 төгрөгийн 12%-ийн хүү нь 134,400 төгрөг болж, эхний жилд авсан 120,000 төгрөгөөс нэмэгдсэн байна.
Шалтгаан нь та анхны хадгалсан нэг сая төгрөгөөс биш, эхний жилд авсан 120,000 төгрөгийн хүүг нэмсэн 1,120,000 төгрөгөөс дараагийн жилийн хүүг авч байгаа тул, авах хүүгийн хэмжээ нэмэгдсэн байна. Ингэж хүүгээс хүү, өгөөжөөс өгөөж тооцож урт хугацаанд хуримтлуулахыг нийлмэл хүү гэдэг.
Дахин нэг жишээ авъя. Арван найман нас хүрээгүй хүүхэд бүрд улсаас сард 100,000 төгрөгийн тэтгэмж олгодог. Өнөөдөр 100,000 төгрөгөөр нэг тор хүнс авч хүрэхгүй шахуу болсон. Харин уг 100,000 төгрөгийг хүүхдээ төрсөн цагаас нь эхлээд жилийн 12 хувийн хүүтэй хугацаатай хадгаламжид байршуулж, хамгийн гол нь, уг хадгаламжаас нэг ч удаа зарлага гаргаж, хэрэглэхгүй хуримтлуулж чадвал хүүхэд чинь 18 нас хүрэхэд уг мөнгө 75.6 сая болж өснө. Таны хадгалсан нийт мөнгөний хэмжээ 21.6 сая төгрөг, харин хүүгийн орлого нь 54.2 сая төгрөг гэсэн үг. Жилийн 12% орчим хувийн хүүтэй банкны хадгаламжид хийж хадгалсан гэж тооцвол ийм.
Өнөөдрийн байдлаар хөрөнгийн зах зээлд гарч байгаа компанийн бондууд жилийн 17%-20% орчим өгөөжтэй байна. Дунджаар жилийн 18%-ийн өгөөжтэй хөрөнгө оруулалт хийвэл, сар бүрийн 100,000 төгрөг маань 75.6 сая биш 159.5 сая болж өснө. Мэдээж 18 жилийн дараах 159 сая төгрөг гэдэг бол өнөөдрийн 159 саятай адилгүй, инфляцын нөлөөгөөр худалдан авах чадвар нь буурсан байх боловч, энэ бол тодорхой томоохон асуудлуудыг шийдэж чадах мөнгө гэдэг нь эргэлзээгүй. Сургалтын төлбөр, орон сууцны урьдчилгаа, машин...
Хүүхдээ 18 нас хүртэл нь биш, цааш нь долоон жил сунгаад 25 жил хуримтлуулбал 159.5 биш 573.7 сая болж өснө. Энэ бол нийлмэл хүүний хүч. Хэдий чинээ урт хугацаанд хуримтлуулна, нийлмэл хүүний хүч төдий чинээ үржигддэг.
Нийлмэл хүү/нийлмэл өгөөжийг хамгийн үр дүнтэй ажиллуулж чадсан жишээ бол Омахагийн зөнч гэгддэг алдарт хөрөнгө оруулагч Воррен Баффетт юм. 1942 онд 11 насандаа тухайн үеийн 114 доллароор анхныхаа хувьцааг худалдан авч хөрөнгө оруулалтын замналаа эхэлсэн Баффет, олсон ашгаараа нэмж хөрөнгө оруулалт хийх, бусад ажил, бизнесээс олсон орлогоороо нэмж хөрөнгө оруулалт хийх зэргээр нийлмэл хүү/өгөөжийн хүчийг тасралтгүй ашигласаар 21 насандаа 21,000 ам доллар, 30 насандаа 1 сая ам доллар, 50 нас гарч 1 тэрбум долларын хөрөнгөтэй болсон бол 2026 оны байдлаар 140-150 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон.
Энэ хугацаанд АНУ-ын хөрөнгийн зах зээл жилд дунджаар 10-11 хувийн өсөлт үзүүлсэн бол Баффет мэргэжлийн хөрөнгө оруулагч болж, хөрөнгө оруулах хувьцаандаа тодорхой өндөр шалгуур тавьж, өсөлтийн потенциал өндөртэй сайн хувьцаанууд сонгож, урт хугацаанд барьж чадсанаар жилд дунджаар ~19% -ийн өгөөжтэй ажилласан гэж тооцоолдог. Гэтэл жилд дунджаар 19 хувийн өгөөж нь Монголын нөхцөлд хүрэхэд тийм ч хэцүү үзүүлэлт биш.
Ямартай ч өнөөдрийн байдлаар та эрсдэлийг тодорхой бага түвшинд хадгалж энэ хэмжээний өгөөжтэй ажиллах бүрэн боломжтой. Мэдээж өгөөжийг урт хугацаанд байнга ийм байна гэж тооцох боломжгүй боловч өнөөдөртөө лав бодитоор байгаа боломж. Эдгээр жишээнүүдээс та хуримтлал, хөрөнгө оруулалтыг заавал их мөнгөөр, өндөр дүнгээр эхлэх албатай биш гэдгийг тодорхой харж болно. Сарын орлогынхоо 3%, 5%, 10% гээд өөртөө дарамт болохгүй байх бага хэмжээгээр хуримтлуулж эхэлсэн ч, тууштай байж чадвал нийлмэл өгөөж болон цаг хугацааны хүчээр таны хуримтлал бодит хөрөнгө болж чадна.
Эрт эхлэх нь төгс гүйцэтгэхээс илүү чухал
Хүмүүс хамгийн тохиромжтой мөчийг хүлээдэг, ялангуяа хөрөнгө оруулалт хийж эхлэхдээ. Орлого өсөхийг хүлээнэ, зах зээл унахыг хүлээнэ, мэдлэгээ нэмтлээ хүлээнэ. Бодит байдал дээр хөрөнгө оруулалт хийж эхлэх хамгийн зөв цаг хугацаа бол өчигдөр байсан. Мэдээж өчигдөр буцаж ирэхгүйгээр өнгөрчихсөн тул дараагийн хамгийн зөв цаг хугацаа бол өнөөдөр юм. Санхүүгийн амжилтын нууц нь төгс стратеги биш. Урт хугацаанд тууштай байх чадвар.
Ингэхэд, заавал урт хугацаанд л хуримтлуулах ёстой юу? Санхүүгийн байдлаа сайжруулах хурдан арга зам байхгүй юу?
Манай улс залуучууд ихтэй, дундаж цалин орлогын түвшин өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад доогуур, амьжиргааны өртөг зардал харьцангуй өндөр байдаг зэргээс шалтгаалж, залуус цалингаараа амьдарна, цалингаараа санхүүгийн асуудлуудаа бүрэн шийднэ гэж харахад хүндрэлтэй байдаг байх.
Олон залуучууд хурдан мөнгө олох арга хайж, өөрийн сайн мэдэхгүй эрсдэл өндөртэй зүйлсийг оролддог. Ингэхдээ, эрсдэлийг бүрэн ойлгож, удирдаж чадаагүйгээс шалтгаалж, шийдэж чадахгүй санхүүгийн хүндрэлд орох тохиолдол ч их байдаг. Өндөр ашиг, өгөөжийн амлалт ихэвчлэн өндөр эрсдэлийн дохио байдаг. Мэдээж хэрэг, өндөр эрсдэлтэй арга замаар ихээхэн хэмжээний ашиг орлого олж болох багахан магадлалыг үгүйсгээгүй боловч олонх нь алдаж дуусдагийг үргэлж санах нь зүйтэй. Санхүүгийн амжилтад хүрсэн хүмүүсийн дийлэнх нь гэнэт, эсвэл нэг удаагийн азтай тохиолдлоор мөнгөтэй болоогүй, харин урт хугацаанд хуримтлуулж, хөрөнгө оруулж, сахилга баттай байсан хүмүүс байдаг.
Эцэст нь хүн өндөр цалин, орлогоор баялгийг бий болгодоггүй. Хүн орлогоосоо бага зарцуулж, илүү гарснаа хуримтлуулж, хуримтлуулснаа өсгөж, өсгөсөн хөрөнгөө хангалттай урт хугацаанд ажиллуулж чадсанаар баялаг бүтээдэг.
Иймээс л цаг хугацаа бол хамгийн үнэт хөрөнгө. Нэгэнт өнгөрсөн цаг хугацаанаас ганц хормыг ч буцаан худалдаж авч чадахгүй. Харин өнөөдөр гаргасан зөв санхүүгийн шийдвэр таны ирээдүйн олон жилийг өөрчилж чадна.
Үргэлжлэл бий ....
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

