Засгийн газар 2027 онд "Оюу Толгой"-гоос 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авах санал илэрхийлжээ

Б.Бадамгарав, IKon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Оюутолгой төслөөс Монгол Улс 2027 онд анх удаа ногдол ашиг авахаар болсныг Засгийн газар энэ сарын 11-нд мэдэгдсэн.

Үүнээс улбаалан Монголын тал хэр хэмжээний ногдол ашиг авах талаар таамгууд гарсаар байна. Иймд өчигдөр болсон "Оюу Толгой" компанийн 2026 оны эхний найман сарын тайланг танилцуулах уулзалтын үеэр энэ талаар тодрууллаа.

"Оюу Толгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "2027 онд ногдол ашиг хуваарилна. Ногдол ашиг хуваарилахын тулд компанид хийх ёстой гурван зүйл бий.

  1. Сайн ажиллаж, ашигтай байх ёстой. Мөнгөн урсгал тогтвортой, уурхайг аюулгүй бөгөөд үр өгөөжтэй ажиллуулах.
  2. "Оюу  Толгой" компанийн хамт олон хоёр хувьцаа эзэмшигчийн дунд гүүр нь болж ажиллана. Шийдэл, боломжит хувилбаруудыг хоёр талд санал болгон ажиллах.
  3. Хувьцаа эзэмшигчдээс гадна зээлдүүлэгч талуудтай хамтран ажиллана. Бид зээл төлөх байсан бүх мөнгөө хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаар өгчихвөл зээл өгсөн талууд маань сэтгэл дундуур байх учраас зөвшилцөнө.

Компани үр өгөөжтэй ажиллаж, зардлаа танаж, илүү их мөнгөн урсгалыг бий болгоно, зээлдүүлэгч нартайгаа дахин хэлэлцээр хийнэ, хүүг бууруулах гэх зэргээр ажиллана" гэлээ.

"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн "Ногдол ашгийн хувьд Монгол Улсын Засгийн газар 3 их наяд төгрөг авах саналаа илэрхийлсэн. Энэ дүнгээр ногдол ашиг авахыг зорино. Гэхдээ ажил хэрэгчээр хоёр тал хамтран ажиллана. Энэ бол компанийн санхүүгийн системийн суурь асуудал. Жилийн эцсийн дүн, мөнгөн хөрөнгө зэрэг олон үзүүлэлтийг харгалзана" гэв.