З.Мэндсайхан: Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 10.5% байсныг 7.9% болгон бууруулж, зээлийн хүү бууруулах асуудлыг 3 жил тутам ярилцдаг боллоо
Монгол Улсын Засгийн газраас "Рио Тинто" групптэй хийсэн хэлэлцээрийн үр дүнг танилцууллаа.
Сангийн сайд З.Мэндсайхан “Засгийн газрын "Рио Тинто" групптэй хийсэн хэлэлцээр 2025 оны аравдугаар сараас хойш маш хүнд нөхцөлд үргэлжилсэн. Өнөөдөр эцэслэн шийдлээ.
Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 10.5 хувьтай байсныг өнөөдөр бид 7.9 дээр авчирлаа. 2.5 хувиар буулгасан гэсэн үг. Нийт 6.2 тэрбум ам.долларын хэмнэлт гаргасан. Монголын талд ирэх өгөөжийг 2.5 тэрбум ам.доллар буюу 8.7 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадлаа.
Хувь нийлүүлэгчдийн хүү бол эрэмбээрээ хамгийн сүүлд төлөгдөх хамгийн өндөр хүү байсан. Үүн дээр төслийн зээл гэж бас байгаа. Оюутолгой төслийн эрсдэлийг үнэлээд олон улсын санхүүгийн байгууллагуудын өгсөн зээлийн хүү 9.01 байгаа. Тэгэхээр 7.9 гэхээр олон улсын байгууллагуудын Оюутолгой төсөлд өгсөн нэгдүгээр эрэмбийн зээлээс хамгийн багаар хүүг нь тогтоож чадсан гэсэн үг.
Хоёрдугаарт, манай дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээлээс 8.2-8.6-гийн хооронд санхүүжилт босгож байгаа. Үүнээс багаар тогтоож чадлаа. Энэ бол маш том, үр дүнтэй хэлэлцээр боллоо" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
