"Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зардал $6.2 тэрбумаар буурч, Монголын талын өгөөж $2.5 тэрбумаар өслөө"

Б.Бадамгарав, IKon.mn
1 цаг 33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Засгийн газар болон Оюутолгой төслийг хамтран хэрэгжүүлж буй "Рио Тинто" группийн зээлийн хүүг бууруулах асуудлаарх хэлэлцээр өчигдөр өндөрлөв.

Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу долоон жил тутамд төслийн зээлийн хүүг эргэн харах боломжтой байдаг. Энэ дагуу 2025 онд хэлэлцээ хийж эхэлснээр өчигдөр өндөрлөсөн.

Оюутолгойн зээлийг харвал төслийн санхүүжилт буюу 15 банкнаас авсан зээл нь нийт зээлийнхээ 19.2 хувийг эзэлдэг. Уг зээлийн хүү нь ойролцоогоор 9 хувь. Давуу эрхтэй спонсорын зээл нь буюу "Рио Тинто"-гоос олгосон зээл нийт зээлийнх нь 8.2 хувийг эзэлдэг бөгөөд хүү нь ойролцоогоор 9 хувь. Урьдчилгаа төлбөрийн зээлийн хүү 8.7 хувь.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бидний хэлэлцээ хийсэн гол зээл нь хувь нийлүүлэгчдийн зээл буюу "Рио Тинто"-гийн оруулсан 6.1 тэрбум ам.долларын зээл юм. Энэ нь Оюутолгой төслийн нийт зээлийн 24 хувь, хүү нь 10.4 байсныг бид 7.9 болголоо.7.9 хувь гэдэг нь SOFR+4 буюу жишиг хүү+4 хувь гэсэн үг" гэлээ.

Ингэснээр үүсэж буй давуу талын тухайд Сангийн сайд З.Мэндсайхан "Жишиг хүү нь олон улсад хэрэглэгддэг, АНУ-ын бодлогын хүүтэй уялдаж тогтдог. Энэ бол хэлбэлзэлтэй хүү. АНУ бодлогын хүүгээ бууруулбал уг зээлийн хүү буурна.  

Түүнчлэн Хөрөнгө оруулагчдын гэрээгээр зээлийн хүүг долоон жилд тутамд хэлэлцэн шинэчилдэг байсныг гурван жил болголоо. Гурван жил тутамд зээлийн хүүг эргэн харж, зах зээлийн жишигт хүргэнэ. Энэ бол том боломж" хэмээв.

Хэлэлцээрийн дээрх үр дүнгээс улбаалж хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зардал 6.2 тэрбум ам.доллароор буурч, Монголын талын өгөөж 2.5 тэрбум ам.доллароор өсөх юм байна. Түүнчлэн өмнө нь Монголын талд ногдох өгөөж 35 хувь байсан бол одоо 40.5 хувийн өгөөж хүртэх боломжтой болсныг Сангийн сайд мэдээллээ.

Мөн тэрбээр "Оюутолгой зээлийн хүүгийн зардалд өдөрт 13.6 тэрбум төгрөг төлдөг байсан бол хүү нь буурснаар энэ тоо 10.2 тэрбум төгрөг болж байна. Үүний зэрэгцээ 2026 оноос Монгол Улс Оюутолгойгоос ногдол ашиг авна. Харин ногдол ашигт хэдийг авах, ямар үндэслэлүүд байх талаар "Рио Тинто" групптэй хэлэлцээгээ цааш үргэлжлүүлж байна" гэлээ.

ВИДЕО: