ОХУ-ын Эрхүү мужид жимс түүж явсан хоёр хүн баавгайд бариулжээ
ОХУ-ын Эрхүү мужид жимс түүж явсан хоёр эрэгтэй баавгайд бариулж, амиа алдсаныг тус мужийн цагдаагийн байгууллага Пүрэв гарагт мэдээлжээ.
Москвагаас зүүн зүгт 4,200 орчим километрийн зайд орших Лена мөрний эргийн алслагдсан ойд Лхагва гарагт жимс түүж явсан гурван хүн рүү баавгай дайрахад 55 болон 65 настай хоёр эрэгтэй амиа алдаж, үлдсэн нэг нь зугтаж чадсан гэнэ.
Цагдаа болон анчдаас бүрдсэн эрлийн баг хоёр эрэгтэйн цогцсыг олсон бөгөөд ой дотроос дайрсан баавгайг буудан зугтаалгасныг ОХУ-ын дотоод хэргийн яамны бүс нутгийн салбараас мэдээлжээ.
Энэ онд баавгайд бариулж, амиа алдсан хүний тоо Орос даяар 14 хүрсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үхэлд хүргээгүй баавгайн халдлагын тоо үүнээс ч өндөр байж болзошгүй гэнэ.
Лхагва гарагт Сибирийн Красноярск мужид 66 настай эмэгтэй алслагдсан тосгон дахь гэртээ баавгайд бариулж, амиа алдсаныг эрх баригчид бас мэдээлж байв.
ОХУ-ын байгаль орчны яам энэ жил баавгайн халдлага нэмэгдсэн гэх мэдээллийг няцааж, үхэлд хүргэсэн болон хүргээгүй халдлагын жилийн дундаж тоо 20-30-ын хооронд хэлбэлздэг хэвээр байгааг баталжээ.
ОХУ-д 2014 онд баавгайн халдлагын тоо дээд хэмжээндээ буюу 166 хүрч байсан гэнэ.
Орос даяар хүрэн баавгайн тоо толгой 1990 оноос хойш хоёр дахин нэмэгдэж, одоогоор 307,000 орчимд хүрээд байгаа ажээ.
Албаны тоо баримтаас үзвэл өнгөрсөн хавраас хойш тус улсад хүмүүст түрэмгий ааш авир гаргасан 530 гаруй баавгайг устгасан байна.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

