Өмнөд Солонгосын алуурчны Филиппиний шоронгоос дронд дүүжлэгдэн оргох төлөвлөгөө илчлэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Филиппиний шоронд хүн амины хэргээр хоригдож байгаа Өмнөд Солонгосын гэмт хэрэгтэн дрон ашиглан оргохоор төлөвлөж байсан нь санамсаргүй тохиолдлоор илчлэгджээ.

47 настай Пак Ван Ёл нь 2016 онд Филиппиний Баколод хотын ойролцоо чихрийн нишингийн талбайд гурван нутаг нэгтнээ буудаж алсны улмаас “нишингийн талбайн алуурчин” хочтой болсон юм.

Тэрбээр энэ хэргийнхээ төлөө 2022 онд шүүхээс 60 жилийн хорих ял сонсож байжээ. Филиппиний эрх баригчид нийт 4.8 кг метамфетамин төрлийн мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт нь байцаалт өгүүлэхээр Пакийг энэ оны гуравдугаар сард Өмнөд Солонгост түр хугацаагаар шилжүүлж өгсөн юм.

Энэ долоо хоногт Өмнөд Солонгосын JTBC телевизийн сувгийн мэдээлснээр тэр шилжүүлэгдэхээсээ өмнө буюу энэ оны эхээр Филиппиний шоронгоос дрон ашиглан оргохоор бэлдэж байгаад бүтэлгүйтжээ.

Пак өмнө нь 2017, 2019 онуудад хоёр ч удаа шүүх хурлаас буцах замдаа оргож байсан юм.

Тэрбээр сүүлийн оролдлогодоо ашиглахын тулд 75 кг даацтай дрон худалдаж авахад 100 сая вон ($74,000) зарцуулжээ.

Гэвч түүний хамсаатан шоронгийн ойролцоо дроны сигнал сарниулах зэвсэг ажилладаг эсэхийг шалгахын тулд туршилтын нислэг үйлдэж байгаад баригдсан юм байна.

зураг
 

Эдгээр нислэгүүдийн нэгийг тэр хавьд явж байсан хүн санамсаргүй гар утасны камертаа буулгаад сошиал сүлжээнд тараажээ.

Филиппиний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эхэндээ үүнийг хэн нэгний сонирхолтой, хөгжилтэй бичлэг мэтээр тайлбарлан цацаж байсан ч эрх баригчид Пактай холбоотой болохыг нь сүүлд тогтоосон байна.

JTBC сувгийн мэдээлснээр Пак эхэндээ шоронгийн автомашиныг отолтод оруулах замаар оргох төлөвлөгөө боловсруулж байснаа сүүлд дронд дүүжлэгдэн нисэх аргыг сонгожээ.

Хамт хоригдож байсан нэг хоригдол Пак “Над шиг хүний шоронгоос оргох үйлдэл ийм хэмжээний том байх ёстой” гэж ярьж байсныг гэрчилсэн байна.

Пак нь “New Bilibid” нэртэй шоронд маш тав тухтай хоригддог талаар “Asia Business Daily” сонин мэдээлж байв.

Тухайлбал тэр агааржуулагч, зурагт, гар утас бүхий тусгай өрөөнд хоригдохын тулд сард зургаан сая вонтой тэнцэх мөнгө төлдөг байжээ.

Пак шоронгоос Өмнөд Солонгос руу хар тамхи нэвтрүүлэх ажлыг удирдаж байсан гэдэг.

Филиппиний шоронгоос хоригдол оргосон тохиолдол сүүлийн жилүүдэд эрс буураад байгаа. Тухайлбал жилд дунджаар 60-70 орголт бүртгэгдэж, 2012 онд 81 хүн оргосон нь хамгийн өндөр тохиолдол болж байжээ. Харин өнгөрсөн онд 10 хоригдол оргосон байна.

 

Эх сурвалж: South China Morning Post