Б.Дашпүрэв: Өнгөрсөн 24 цагт шатахуун түгээлт хоёр дахин нэмэгдэж, нийслэлийн ШТС-уудын 90 хувь нь ажиллаж байна
Шатахуун Түгээх Станц(ШТС)-ын гадаах урт үргэлжилсэн дарааллыг ойрын 3-4 хоногт багасгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг Шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах үүрэг бүхий шуурхай штабаас өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал сүүлийн 24 цагт нийслэл хотод түгээлтийг хоёр дахин нэмэгдүүлжээ. Өмнө нь шатахууны борлуулалт доголдоход 3-4 хоногт түгээлтээ эрчимжүүлэхэд шийдэгдэж байсан тул энэ удаад ч мөн дээрх байдлаар ажиллахад урт дарааллыг шийдэж чадна гэж үзэж байгаа аж.
Шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурлын үеэр Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээс зарим зүйлийг тодрууллаа.
- Шатахуун түгээлтийн талаар товч мэдээлэл өгнө үү?
- Өнгөрсөн 24 цагт Улаанбаатарт байрлах 213 ШТС, орон нутгийн 86 ШТС-ыг цэнэглэлээ. Өмнө нь зарим өдөрт нийслэлийн 100 ШТС-д түгээдэг байсан бол өнгөрсөн 24 цагт 213 болж хоёр дахин нэмэгдлээ. Түгээлт нэмэгдэж байгаа. Богино хугацаанд оочер дарааллыг багасгахаар ажиллаж байна. Оросын Холбооны Улс(ОХУ)-аас 2,000 тонн автобензин өртөөдөд хүргэгдэж буулгахад бэлэн болсон. Мөн ОХУ-аас 2,475 тонн бүтээгдэхүүн ирж байгаа. Хятад улсаас 4,000 тонн автобензин ачигдаж гарсан бөгөөд 3-4 хоногт орж ирэх байх.
- Хилээр олон арван вагон орж ирж байгаа гэдэг ч ШТС-ын гадаах дараалалт урт үргэлжилсэн хэвээр байна. Үүний учир шалтгааныг тайлбарлаж өгнө үү. Аж ахуйн нэгжүүдийн зохион байгуулалтын асуудал уу эсвэл тээвэрлэлт удаан байна уу?
- Өнөөдөр 20 вагонцистерн орж ирлээ гэхэд тэр нь хоёр компанийн бүтээгдэхүүн байдаг. Нөгөө хоёр нь бүтээгдэхүүнээ борлуулахад үлдсэн нь борлуулах бүтээгдэхүүнгүй болоход хомсдол үүсэх тохиолдол бий. Хомсдол үүсэхээр хэрэглээ нэмэгддэг тул жигд ажиллахад бэрх нөхцөл гардаг. Гэхдээ АҮЭБЯ-наас хүндрэлтэй айдлыг даван туулахын тулд компаниудыг хоорондоо бүтээгдэхүүнээ солилцож, түр зээлж ижил хэмжээнд борлуулах арга хэмжээ авдаг боловч зээлүүлэх боломжгүй үе ч бий, нэгэндээ өртэй газрууд ч бий учраас зээлээр өгөхгүй гэх ч тохиолдол байна.
Дахин хэлэхэд ОХУ-аас ирж буй хэмжээ нэмэгдэж, түгээлт ч өсөж байна. Энэ долоо хоногийн сүүлээр орон нутгуудад анхаарах хэрэгтэй байгаа. Сүүлийн хоёр хоногт нийслэлд төвлөрч ажиллалаа.
- Үнэ нэмэгдэх эрсдэл бий юу. Саяхан хомсдол үүссэний дараахан үнэ өссөн шүү дээ?
- Сар бүрийн 25-нд үнийн мэдээллийг нэгтгэдэг. Энэ үнэ дээр суурилж дараа сарын үнэ тогтоно. Нөөцтэй үед өмнө нь үнэ хямд үед авсан шатахуунаа сарын дунд хүртэл борлуулдаг байсан. Нөөц багассантай холбоотойгоор тухайн сарынхаа хэрэглээг дараа сарынх нь 4-5-ны үе гэхэд борлуулж дуусаад шинэ үнийн шатахуунаа борлуулж байна. Наймдугаар сард үнэ өндөр орж ирсэн. АҮЭБЯ болон Үнэ хангамжийн зөвлөлөөс АИ92, дизель түлшээс бусад төрлийн бүтээгдэхүүн дээр үнэ чөлөөлсөн. АИ95 дээр онцгой албан татварыг тэглэсэн нь урьдчилан сэргийлсэн арга хэмжээ.
- Орж ирж буй шатахуун, түлшний хэдэн хувийг орон нутагт хуваарилдаг вэ?
- Хэрэглээнээс шалтгаалж автобензин дээр үндсэндээ 50/50 хувь байдаг. Гэтэл өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд тулгуурлаад нийслэлд 70 хувь, 30 хувь нь орон нутагт хуваарилж байгаа. Богино хугацаанд нийслэлд байдал хэвийн болбол орон нутагт хуваарилах хэмжээг нэмнэ.
- Богино хугацаа гэдэг хэр хэмжээний хугацаа вэ?
- Нийслэлийн хэмжээнд ШТС-уудын 90 хувь нь ажиллаж байгаа нь түгээлт сайжирсныг илтгэнэ. Өмнө нь тодорхой хэмжээнд доголдоход 3-4 хоногт тасралтгүй 24 цагаар сайн түгээхэд зөөлөрч байсан. Ийм л нөхцөл байдал бий.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
