Иран улс “сүйрлийн байдалд” байгаагаа өөрт нь мэдэгдсэнийг Трамп нийтэд зарлав
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Иран улс хоёр сар үргэлжилж буй дайныг дуусгах шинэ саналаа зуучлагч Пакистан улсаар дамжуулан АНУ-ын талд танилцуулаад байгаа.
Уг санал нь цөмийн хөтөлбөрийн асуудлыг хойш тавьж, эхний ээлжид дайныг бүрмөсөн зогсоох, Персийн булангийн далайн тээврийн маргааныг шийдвэрлэхийг хүссэн агуулгатай гэсэн мэдээлэл байна.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг саналд сэтгэл дундуур, цөмийн хөтөлбөрийн асуудлыг эхнээс нь шийдвэрлэх хүсэлтэй байгааг Вашингтоны албаны эх сурвалж мэдээлжээ.
Даваа гарагт Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэйгээ Ираны шинэ саналыг хэлэлцсэн юм.
Тэгвэл өчигдөр Трамп сошиал хуудсандаа “Ираны тал бидэнд “Сүйрлийн Байдал”-д байгаагаа мэдэгдсэн. Тэд одоо удирдлагынхаа асуудлыг зохицуулахыг оролдож байгаа бөгөөд энэ хооронд Ормузын хоолойг аль болох түргэн нээхийг биднээс хүссэн. Энэ асуудалд анхаарлаа хандуулсанд баярлалаа!” гэж бичжээ.
Ираны тал ийм мэдээллийг ямар шугамаар АНУ-ын ерөнхийлөгчид хүргэсэн нь тодорхойгүй байна.
Үүнтэй зэрэгцэн Мягмар гарагт Персийн булангийн орнуудын удирдагчид дайн эхэлснээс хойш анх удаагаа Саудын Арабын нутаг дэвсгэрт биечлэн уулзжээ.
Уг уулзалт нь Ираны пуужин, нисгэгчгүй онгоцны халдлагын эсрэг авах хариу арга хэмжээг хэлэлцэх зорилготой байсныг албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр дайтагч талууд галаа зогсоосноос хойш Персийн булангийн орнуудыг чиглэсэн халдлага довтолгоо буурсан ч дахин сэргэхээс болгоомжилсон хэвээр байгаа.
Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хоёр ч удаа Пакистаны нийслэл Исламабад хотод айлчлахдаа АНУ-ын талд танилцуулах шинэ саналаа дамжуулсан бололтой.
Тэр дараа нь Оман улсад айлчилж, Даваа гарагт Санкт Петербург хотод ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан юм.
Хэдийгээр дайны гал түр хугацаагаар зогссон ч дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буухгүй байна.
Мягмар гарагт Brent ангиллын түүхий газрын тосны баррель тутмын үнэ 3 хувиар өсөж, $111.40 хүрсэн нь сүүлийн гурван долоо хоногийн хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Дэлхийн Банк 2026 онд газрын тосны үнэ нийтдээ 24 хувиар өсөж, Украины дайн эхэлснээс хойших хугацааны хамгийн дээд түвшиндээ хүрч болзошгүй гэсэн таамаг дэвшүүлээд байна.
Энэ бүхэн дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн тавны нэг дамжин өнгөрдөг Ормузын хоолой хаагдсантай холбоотой.
Дайны өмнө энэ хоолойгоор өдөрт дунджаар 125-140 хөлөг хоёр тал руу нэвтэрдэг байсан бол сүүлийн нэг өдөр ердөө долоон хөлөг нэвтэрснийг Kpler далайн тээврийн компанийн мэдээлэл харуулж байна.
Дайн эхэлсний дараахан Ираны тал Ормузын хоолойг хаасан бол сүүлд АНУ-ын тэнгисийн хүчин тус хоолойн гадна талд давхар хаалт үүсгэж, Ираны боомтуудыг чиглэсэн хөлгүүдийн хөдөлгөөнийг хориглосон юм.
Сүүлийн хэдэн өдөр Ираны газрын тосыг ачсан долоон хөлөг Ормузын хоолойгоор нэвтэрснийг АНУ-ын байлдааны хөлгүүд саатуулж, Иран руу буцаасныг салбарын эх сурвалжууд мэдээлж байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
