Арабын Нэгдсэн Эмират улс нэг жарны дараа OPEC байгууллагаас гарч байгаагаа зарлалаа
Арабын Нэгдсэн Эмират улсын (АНЭУ) эрх баригчид газрын тос экспортлогч орнуудын байгууллага болох OPEC, түүний өргөтгөсөн байгууллага OPEC+ холбооноос тавдугаар сарын нэгнээс эхлэн гарч байгааг зарлажээ.
Ингэснээр тус улс дэлхийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн илүү уян хатан ажиллах эрх чөлөөтэй болж байгаа юм байна.
“Гишүүнчлэлээс гарсны дараа АНЭУ хариуцлагаа ухамсарлаж, зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн үйлдвэрлэлээ аажмаар нэмэгдүүлэн ажиллах болно” гэж тус улсын дэд бүтцийн яам мэдэгджээ.
АНЭУ нь өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар Саудын Араб, Иракийн дараа OPEC-ийн гурав дахь том үйлдвэрлэгч болж байв.
OPEC байгуулагдсанаас хойш долоон жилийн дараа буюу 1967 онд Абу Дабигийн эмират анх гишүүнээр элссэн бөгөөд 1971 оноос эхлэн АНЭУ нэрээрээ элсжээ.
Ажиглагчид АНЭУ-ын энэ шийдвэр Ойрх Дорнодын дайнаас үүдэлтэй ойрын үеийн зах зээлийн эрэлтийг хангах гэхээсээ илүү урт хугацааны стратегийн зорилготой, OPEC-ийн задралын эхлэл байж болзошгүй хэмээн болгоомжилж байна.
“АНЭУ гарснаар OPEC хүчин чадлынхаа 15 орчим хувийг, хамгийн дуулгавартай гишүүнийхээ нэгийг алдаж байна” гэж MST Financial компанийн эрчим хүчний шинжээч Саул Кавонич хэлжээ.
Газрын тосны гол үйлдвэрлэгч таван улс Иран, Ирак, Кувейт, Саудын Араб, Венесуэл эрх ашгаа хамгаалж, нэгдсэн бодлоготой ажиллах зорилгоор OPEC-ийг 1960 онд үүсгэн байгуулж байв.
Одоо тус байгууллагад үүсгэн байгуулагч таван улсаас гадна Алжир, Экваторын Гвиней, Габон, Ливи, Нигери, Конго зэрэг улсууд багтдаг.
АНЭУ гарснаар OPEC 11 гишүүнтэй болж байна.
Өргөжүүлсэн OPEC+ холбоонд OPEC-ийн гишүүн бус 10 улс нэмэгддэг юм.
OPEC дэлхийн газрын тосны үнийг зохицуулахын тулд үйлдвэрлэлээ тохируулж, гишүүн улс орнууддаа тодорхой квот хуваарилдаг. Энэ нь гишүүн орнуудын газрын тосноос ашиг олох боломжийг хязгаарладаг талтай.
Хамгийн сүүлийн тоо баримтаас харвал 2024 онд АНЭУ өдөрт 2.9 сая баррель газрын тос үйлдвэрлэжээ. Харьцуулбал OPEC-ийн албан бус тэргүүн Саудын Араб улс есөн сая баррелийг үйлдвэрлэсэн байна.
OPEC-ийн гадна АНЭУ үйлдвэрлэлээ өдрийн нэг сая баррелиар өсгөх боломжтой гэж ажиглагчид тооцоолжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
