Манай улс баяжуулсан хатуу коксжих нүүрсний дээжээ Энэтхэг рүү явуулахаар болжээ

М.Батчимэг, ikon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ долоо хоногт манай улс Энэтхэгийн төрийн өмчит Steel Authority of India limited (SAIL) компани руу туршилтаар баяжуулсан хатуу коксжих нүүрсний дээжээ явуулж байгаа талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас өнөөдөр мэдээллээ. 

Уг туршилт амжилттай болсон тохиолдолд борлуулалтын шинэ гарц нээх бүрэн боломж байгааг тус компанийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хийсэн уулзалтынхаа үеэр илэрхийлсэн байна. 

Энэтхэгийн SAIL компани нь ган үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг бөгөөд жилдээ 17 сая тонн коксжих нүүрсийг үйлдвэрлэлдээ ашигладаг. Үүний 85%-ийг АНУ, Австрали, Индонез зэрэг улсаас импортолдог байна. Энэтхэг улс нь гангийн үйлдвэрлэлээр БНХАУ-ын дараа буюу дэлхийд хоёрдугаарт ордог юм байна. 

Энэ сарын 16-ны өдөр Монгол Улсаас БНЭУ-руу коксжих нүүрс нийлүүлэх боломжийг судлах, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу Монгол Улс дахь Энэтхэг Улсын Элчин сайдын яамны Улс төр, худалдаа хариуцсан Хоёрдугаар нарийн бичгийн дарга Сүкбир болон БНЭУ-ын Steel Authority of India  limited (SAIL) компанийн төлөөлөгчидтэй уулзалт хийсэн байна. 

Уг уулзалтаар Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн SAIL компани худалдан авах сонирхлоо илэрхийлж, Тавантолгойн нүүрсний дээжийг туршиж үзэх хүсэлт тавьсан аж.