"Төрийнхөө сүлдэнд залсан монгол адуундаа УЛСЫН БААТАР цол олгоё"
Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбоо, Дэлхийн Морьтнууд төрийн бус байгууллагаас хамтран өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Энэ үеэр монголчуудын түүхийг туурайгаараа тамгалсан монгол адуунд улсын баатар цол олгох санаачилга гаргаж байгаагаа зохион байгуулагчид онцлов.
Энэ талаар "Дэлхийн морьтнууд" төслийн санаачлагч Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ю.Үнэнбүрэн "Монголчууд бидний дэлхийд үлдээсэн түүхийг ярихаар монгол адууны түүхийг өгүүлдэг. Саяхны жишээ дурдахад дэлхийн II дайнд нэг сая орчим хүн амтай байсан Монгол Улс 500,000 орчим адуугаа бэлэглэсэн түүхтэй.
Тэдгээр морьд Зөвлөлтийн цэргүүдийн хамгийн үнэнч баатар нь болоод Берлин хүртэл аялсан.
Биднийг адуундаа баатар цол олгоё гэдэг санаачилгаас өмнө оросууд дайны үед монгол адууг ялалтын баатар, дайны баатар гэж нэрлэдэг байсан. Тухайн үед байлдаж явсан ахмад дайчид бүгд энэ талаар намтартаа тодорхой бичсэн байдаг.
Энэ мэтээр олон жишээ ярьж болно. Өнөөдөр манай улсын сүлдэнд адууг дүрсэлдэг.
Гэхдээ монгол адуундаа баатар цол олгох гээд байгаа гол шалтгаан нь хэсэг бүлэг хүмүүсийн явуулж буй бодлогоор монгол адуу маань наадамдаа уралдах эрхгүй боллоо. Тавдугаар сарын 1-нээс морины уралдаан эхэлнэ. Энэ наадмуудад цэвэр монгол адуу уралдах ямар ч бололцоогүй болсон. Бүгд шахуу эрлийз цустай, бизнесийн зорилгоор бий болсон адуунууд уралдана.
Тиймээс төрийнхөө сүлдэнд залсан монгол адууныхаа үнэ цэнийг бид алдаж болохгүй. Энэ үнэ цэнийг хадгалж, хойч үедээ авч үлдэх зорилгоор монгол адуундаа баатар цол олгох ёстой" гэв.
Уг санаачилгыг дэмжиж байгаа Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд "Манай холбооны зүгээс энэ санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлье. Бид 2017 оноос хойш монгол адуугаа хамгаалах, үнэ цэнийг нь өсгөх зорилгоор идэвхтэй ажиллаж буй.
Монголчууд бол дэлхий дээр үлдсэн сүүлчийн нүүдэлчид. Нүүдлийн соёл иргэншлийг авч үлдэх гол амин сүнс нь монгол адууны тэсвэр тэвчээр, чанар нь юм гэж бид үздэг. Адуу бол хээрийн амьтан. Тиймээс нүүдэлчдийн амьжиргаанд хамгийн их нэмэр болдог амьтан юм. Тиймээс энэ санаачилгыг дэмжиж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
