АНУ-ын довтлогч Балогуны улаан хуудсыг цуцалсан шийдвэрээ FIFA хамгаалж, UEFA эсэргүүцэл илэрхийлэв
Өнгөрсөн долоо хоногийн тоглолтын үеэр улаан хуудас авч, дараагийн тоглолтоо өнжихөөр болоод байсан АНУ-ын шигшээ багийн довтлогч Фоларин Балогуны шийтгэлийг цуцалснаа Ням гарагт FIFA зарласан билээ.
Ингэснээр тэр ДАШТ-ий шөвгийн 16-гийн шатанд Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө 8:00 цагт Бельгийн шигшээ багийн эсрэг тоглохоор болоод байна.
Балогуны шийтгэлийг цуцлуулахын тулд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт FIFA-гийн удирдлагуудтай гурван удаа утсаар ярьсныг эх сурвалжууд мэдээлсэн.
Бельгийн Хааны Хөлбөмбөгийн Холбоо дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд байна.
Тэгвэл өчигдөр бас Европын хөлбөмбөгийн дээд байгууллага UEFA уг шийдвэрийг “ойлгомжгүй”, хөлбөмбөгийн спортын дүрэм журмыг зөрчсөн үйлдэл гэж мэдэгджээ.
Харин ерөнхийлөгч Трамп тоглогчийнхоо улаан хуудасны асуудлаар FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантинотой утсаар ярьснаа хүлээсэн байна.
Өчигдөр орой FIFA-гийн давж заалдах шатны шүүгч Бельгийн талын гомдлыг хэрэгсэхгүй болгосноо мэдэгджээ.
Одоо Бельгийн хөлбөмбөгийн холбоонд Швейцарт төвтэй Спортын Арбитрын шүүхэд давж заалдах боломж байгаа ч тоглолт эхлэх цаг нэгэнт тулсан тул эргэлзээтэй болж байна.
Инфантино сошиал хуудсандаа Балогуны шийтгэлийг цуцалсан FIFA-гийн сахилгын хорооны шийдвэрийг хараат бус, дүрэм журмын дагуу гарсан гэж хамгаалжээ.
Тэрбээр “Бидний ярианы үеэр FIFA-гийн бие даасан шүүх байгууллагатай холбоотой хууль эрх зүйн үйл явц өрнөж байгаа бөгөөд уг асуудлыг эрх бүхий байгууллагууд цаг тухайд нь шийдвэрлэхийг би тайлбарласан” гэж Трамптай ямар яриа өрнүүлснээ мэдээлсэн байна.
Балогуны улаан хуудасны торгуулийг FIFA хүчингүй болгосноор түүний Бельгийн шигшээтэй хийх АНУ-ын тоглолтод оролцох боломж нээгдсэн юм.
Өчигдөр Трамп бас Инфантинотой утсаар ярьснаа баталжээ.
Трамп өөрийгөө спортыг “маш сайн ойлгодог” гэж магтсан ч улаан хуудас гэж юу болох, тэр нь ямар үр дагавартайг мэдээгүйгээ хүлээн зөвшөөрсөн юм.
Балогун нэг тоглолт өнжихөөр болсныг мэдмэгцээ тэр Инфантино руу залгасан гэнэ. Трамп бас видео бичлэгт үндэслэн улаан хуудас олгосныг шүүмжилж, удаашруулсан бичлэг тоглолтыг илүү түрэмгий харагдуулдаг байж болзошгүйг хэлжээ.
“Бельги бол гайхалтай багтай улс. Бид хамгийн сайн тоглогчдоо гаргах ёстой, тэд ч бас. Энэ тохиолдолд бид хожсон ч, хожигдон ч илүү шударга байх болно” гэж Трамп хэлсэн байна.
Бусад багууд ч бас Балогуны шийтгэлийг цуцалсан FIFA-гийн шийдвэрийг шүүмжилцгээжээ.
Тухайлбал өчигдөр Бразилын шигшээ багийг нутаг буцаасан Норвегийн багийн дасгалжуулагч Стале Солбаккен “Энэ бол ДАШТ-д хор хөнөөлтэй муу, муу, муу шийдвэр” гэж хэлсэн байна.
Жанни Инфантино FIFA-г удирдсан арван жилийн хугацаанд UEFA түүнтэй байнга зөрчилдөж байсан юм.
“Бид урьд өмнө байгаагүй, ойлгомжгүй, үндэслэлгүй энэ шийдвэрт итгэхгүй байгаагаа илэрхийлж байна” гэж UEFA мэдэгдэлдээ өгүүлжээ.
Инфантино 2016 онд FIFA-гийн ерөнхийлөгчөөр сонгогдох хүртлээ 2009 оноос хойш UEFA-гийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.
Түүний өмнө FIFA-г удирдаж байгаад авлигын хэргээр огцорсон Зэп Блаттер “Улаан хуудсыг улс төрийн утасны дуудлагаар цуцалдаггүй юм. Үүнийг дүрэм журам, нотлох баримтаар хараат бус байгууллагууд хүчингүй болгодог” гэж сошиал хуудсандаа бичжээ.
ДАШТ-ий нээлтийн тоглолтод Португалийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Криштиану Рональдуг тоглуулахын тулд FIFA түүний өмнө нь авсан улаан хуудсыг бас хүчингүй болгосон юм.
Тэрбээр арваннэгдүгээр сард болсон Ирландын эсрэг ДАШТ-ий урьдчилан шалгаруулах тоглолтын үеэр өрсөлдөгчөө тохойгоор цохисон шалтгаанаар хоёр тоглолт өнжих шийтгэл аваад байжээ.
Зургаадугаар сарын 11-нд болсон ДАШТ-ий нээлтийн тоглолт дээр Өмнөд Африкийн тоглогч Темба Зване өрсөлдөгч Мексикийн багийн тоглогчийн эсрэг Рональдугийнхтай ижил үйлдэл гаргасныхаа төлөө гурван тоглолт өнжих шийтгэл хүлээсэн.
Зване үлдсэн тоглолтуудад оролцолгүйгээр ДАШТ-ийг өндөрлүүлсэн юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
