Их Британийн Байгаль орчны асуудал хариуцсан Тусгай элч Рут Дэвис "COP17"-д оролцоно
Их Британийн Байгаль орчны асуудал хариуцсан Тусгай элч Рут Дэвис COP 17 буюу НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцын Талуудын 17-р бага хуралд оролцохоор 2026 оны наймдугаар сарын 24-д Их Британийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг ахлан хүрэлцэн ирнэ.
Рут Дэвис нь 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Их Британийн Байгаль орчны асуудал хариуцсан Тусгай элчээр томилогдсон билээ. Тэрээр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэшсэн зөвлөх ба төр болон хувийн хэвшилд 20 гаруй жил бодлогын өндөр түвшинд ажилласан туршлагатай бөгөөд КОП26 бага хурлын хүрээнд хэрэгжүүлсэн Байгаль орчны компанит ажлыг удирдаж байв.
НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцын Талуудын 17-р бага хуралд оролцох үеэрээ тэрбээр Монгол Улсын Засгийн Газрын гишүүдтэй уулзах бөгөөд хэд хэдэн өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцохоор төлөвлөжээ.
Их Британийн Байгаль орчны асуудал хариуцсан Тусгай элч Рут Дэвис нь COP17 бага хуралд оролцохдоо хөрсний эрүүл байдал, байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн ч богино хугацаанд сэргэх тогтвортой хөдөө аж ахуйн салбарт Их Британи улс хэрхэн манлайлж, дэмжиж ажиллаж буй талаар туршлага солилцох юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд зохистой засаглал, бэлчээрийн менежмент, түүнчлэн COP17-той холбоотой уур амьсгал, байгаль орчны үндэсний бодлогын хэлэлцүүлэгт иргэний нийгэм, эмэгтэйчүүд, залуучуудын үр дүнтэй оролцоог хангах замаар Монгол Улсын уур амьсгал, байгаль орчин, биологийн олон янз байдлын гэнэтийн цочрол болон өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллахад Их Британи улс бэлэн байгаа бөгөөд Байгаль орчны асуудал хариуцсан Тусгай элчийн айлчлал нь үүнийг улам бататгах юм.
Түүнчлэн Их Британи улсын зүгээс Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудалд онцгойлон анхаарч манлайлан COP17 бага хурлыг зохион байгуулж буйд талархаж байна гэж Их Британийн Элчин Сайдын Яамнаас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
