Японы одоогийн засгийн газар анхны цаазын ялаа гүйцэтгэж, таван хүний амийг хөнөөсөн этгээдийг дүүжлэв
2009 онд Пачинко тоглоомын газрыг галдан шатааж, таван хүний амийг хөнөөсөн ялтан Баасан гарагт Японы шоронд цаазлуулжээ.
Тус улс нэг жил гаруйн өмнө сүүлийн цаазын ялыг гүйцэтгэж байсан юм.
58 настай Сунао Таками тухайн үед Осака хот дахь өөрийн гэрийн ойролцоо байрладаг тоглоомын газрыг бензин цацан шатаасны улмаас дөрвөн үйлчлүүлэгч, нэг ажилтан амиа алдаж байжээ.
Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн эмгэгтэй байсан гэсэн үндэслэлээр ял хөнгөрүүлэх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж аваагүй шүүгчдийн бүрэлдэхүүн 2011 онд түүнд дүүжлэх ял оноож байв.
Япон, АНУ хоёр нь Их Долоогийн бүлгийн гишүүдээс цаазын ял гүйцэтгэсээр байгаа хоёр улс юм.
Япон улсын хувьд цаазын ялыг олон жилээр хүлээлгэсний эцэст гүйцэтгэхээс хэдхэн цагийн өмнө мэдэгддэг.
“Бид сайтар нягталж үзсэний дараа цаазаар авах ялыг гүйцэтгэхийг тушаасан” гэж Японы хууль зүйн сайд Хироши Хирагүчи өчигдөр мэдэгджээ.
Энэ нь ерөнхий сайд Санае Такаичигийн засгийн газрын үед гүйцэтгэсэн анхны цаазын ял болж байна. Өнгөрсөн оны зургаадугаар сард 2017 онд есөн хүний амийг зэрлэгээр хөнөөсөн “Твиттерийн алуурчин” гэгддэг Такахиро Ширайшийг хамгийн сүүлд цаазалж байжээ.
2017 оны аравдугаар сард цагдаа нар нэг хохирогчийн мөчилсөн цогцсыг Токиогийн ойролцоох Зама хотоос олсноор уг цуврал аллагын хэрэг илэрч байсан юм.
Японы ард иргэдийн дийлэнх хэсэг цаазын ялыг дэмждэг нь судалгаануудаас харагддаг. Харин хүний эрхийн байгууллагууд ялтныг олон жилээр хүлээлгэж, хэзээ цаазлахыг нууцалдаг зэрэг Японы эрх баригчдын хүнлэг бус арга барилыг шүүмжилдэг юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
