Саудын Арабын дэмжлэгтэй Йемений засгийн газрын хүчин Хусит босогчдыг Баб-эль-Мандебын хоолойгоос хөөснөө зарлав
Саудын Арабын дэмжлэгтэй Йемений засгийн газрын зэвсэгт хүчин Хусит босогчдыг Улаан тэнгисийн Баб-эль-Мандебын хоолойгоос хөөн гаргаснаа зарлажээ.
Стратегийн ач холбогдолтой тус бүс нутгийг Ираны дэмжлэгтэй Хусит босогчид өнгөрсөн сард эзлэн аваад байсан юм.
Саудын Арабын агаарын хүчтэй цохилтын дэмжлэгтэйгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений засгийн газрын цэргүүд Даваа гарагийн орой Моча хот хүртэл давшиж, эзлэгдээд байсан ихэнх газар нутгийг чөлөөлсөн бол Хуситууд өндөрлөг газар руу ухарсныг албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.
Хэрвээ энэ мэдээлэл батлагдвал Ормузын хоолой хаагдсаны дараа Улаан тэнгисийн газрын тосны тээвэрлэлтэд учруулж байсан Хуситуудын аюул занал суларч болзошгүй боллоо.
Баб-эль-Мандебын хоолой нь Ираны дайн эхэлснээс хойш Саудын Арабын газрын тосны экспортын чухал зам болоод байгаа юм.
Тус улс Ормузын хоолойг Ираны тал хаасны дараа Персийн булангийн тээвэрлэлтээ нутаг дэвсгэр дээгүүрээ хоолойгоор дамжуулан Улаан тэнгис рүү шилжүүлээд байгаа.
Ираны дайнаас үүдэлтэй мөргөлдөөн хурцадсантай холбогдуулан Саудын Араб, Турк, Пакистан улсуудын төлөөлөгчид Даваа гарагт Рияд хотод шуурхай уулзахдаа Саудын Арабт цэрэг, зэвсэгт хүчнээ байршуулахаар тохиролцож, “Меккагийн батлан хамгаалах гэрээ” гэгчийг байгуулжээ.
Энэ уулзалтад оролцогчид Йемений босогчдыг исламын шашны ариун газрууд болох Мекка, Медина хотууд руу довтолсон гэж буруутгасан байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
