Р.Энхбат: "Сурах бичиг" гэдэг үгийг бэлэн мөнгөний бизнес гэж ойлгодог нь туйлын харамсалтай
Нэгдүгээр ангийн сурах бичгүүдийг сайд, дарга нарт хамааралтай компаниудаар хийлгэх болсон асуудлыг дэлгэж, Монсудар хэвлэлийн газрын төлөөллүүд мэдээлж байна.
Энэ асуудлын талаар ярихдаа "Бид хайрцаглах гэж үгийг мэднэ. Мөн тавилттай тендер гэж мэднэ. Эхнээсээ хэнийг хэрхэн яаж шалгаруулж, хэдэн төгрөг өгөх вэ гэдэг бүх ажлаа төлөвлөөд тендер зарладаг. Яг ийм хайрцагт бид ороод гарлаа.
Төр өөрийнхөө хийх ёсгүй юмыг хийгээд эхлэхээр хайрцаг томорч хийх ажил нь их болж байна. Хийх ажил нь ихсээд ирэхээр мөнгө дагалддаг юм байна. Мөнгө, эрх мэдэл хоёр дагалдахаар мэргэжлийн хүмүүс нь хэрэггүй болдог юм байна.
Монголд хэвлэлийн газар гэдэг бүртгэлтэй 120 гаруй байгууллага бий. Тэдний дунд зарласан нэгдүгээр ангийн сурах бичиг хэвлэх, зохиох тендерт Монсудар хэвлэлийн газар оролцсон.
УИХ-ын хоёр гишүүн, тэдний нэг нь сайдаар ажилладаг ийм хүмүүсийн компаниудыг тендерт шалгарууллаа.
Боловсролын Яам, Боловсролын Ерөнхий Газрын дарга Х.Тамирын шалгаруулсан энэ шалгаруулалт мэргэжлийн түвшинд явагдаагүй. Ер нь эрх мэдэл, мөнгө хоёр засагладаг юм байна.
Төр засгийн мөнгө, эрх мэдэл хоёр нэмэгдээд ирэхээр төсөв нэмэгддэг. Одоо бас төсөв хэлэлцэж байгаа. Төсвөөр маш том том ажил явагддаг ч үр дүнг нь хэзээ ч тооцдоггүй. Энэ хэвлэлийн бага хурлын дараа бид УИХ-д бичиг явуулъя гэж төлөвлөсөн.
Боловсролын салбарт хийсэн ажлын үр дүн гардаггүй. Том ажлууд явагдсаар төсвөө нэмээд байвал хамгийн ажиллагаатай яам, хамгийн сайн ажилладаг сайд болж хувирдаг тогтолцооноос гармаар байна" гэдгийг Монсудар хэвлэлийн газрын захирал Р.Энхбат хэллээ.
"Хиймэл оюунд даалгавар өгөөд сарын дотор зарлагдсан тендерт ялагч болж байна"
Үргэлжлүүлэн "Хиймэл оюунд даалгавар өгөөд сарын дотор зарлагдсан тендерт ялагч болж ирж байгаа хүмүүсийг нийгэмд хэлэх ёстой гэж бодож байна.
Бид өөрсдийнхөө контентыг Монголын бүх хүнд хүрээсэй гэж боддог. Монголын хэвлэлийн салбарт маш олон хүүхдийн контентыг манайх хийсээр ирсэн. Тэдгээр контентыг хийх чадвартай хүмүүс цөөн бий. Үнэлэмж нь өндөр байдаг учраас нийт ард түмний хэрэглээ болж чаддаггүй юм аа.
Бид сурах бичгээр дамжуулан өөрсдийн контентыг хүүхдүүдэд хүргэе гэсэн зорилгоор энэ ажил руу орсон. Гэтэл сурах бичиг гэдэг үгийг сонсонгуутаа их хэмжээний бэлэн мөнгөний бизнес гэж ойлгодог нь туйлын харамсалтай.
Энэ нөхцөл байдлыг хүмүүст дэлгэрүүлж ярихгүй бол хэвлэх үйлдвэр, хэвлэлийн газрынхаа ялгааг ч гаргаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэвлэлийн газар гэдэг нь улс орны оюун санааны ундарга болж байдаг газар.
Хэвлэлийн газруудын дунд зарласан уралдаанд хоёр үйлдвэр орж ирээд бүх юмыг хамаад явчихна гэхээр үнэхээр өрөвдөлтэй" гэдгийг тэрбээр ярив.
"Барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн хүүхдүүдийн сурах бичиг хийх, зохиох үнэлгээний хороонд гишүүнээр ажиллаж байна"
Монсудар хэвлэлийн газрын хуульч "Тендерийн захиалагч нь Боловсролын Ерөнхий Газар юм. Өнөөдрийг хүртэл тендер удсан гол шалтгаан нь захиалагч байгууллагын үнэлгээний хорооны мэдлэг, ур чадвар, мэргэшсэн байдалтай нь шууд холбоотой.
Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичгийг захиалагч батална гэж заасан. Гэтэл анх боловсруулсан тендерийн баримт бичгийн 80 гаруй хувь нь сүүлд болсон тендерээс өөрчлөгдлөө. Яагаад ингэж өөрчлөгдөв.
Анхнаасаа тендерийн баримт бичгийг тооцоо судалгаанд үндэслээгүй. Тухайн баримт бичгийг боловсруулах ур чадвар, мэргэшсэн хүмүүсээр удирдуулан зохион байгуулаагүйн үр дагавар өнөөдөр бий болоод байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр сурагчид сурах бичиггүй, нэг удаагийн дасан зохицуулах хөтөлбөр нэртэй гарын авлагыг хэрэглээд явж байгаа.
Жишээлбэл тендер удсан гол шалтгааны нэг нь захиалагч байгууллагын даргын мэргэшсэн байдал, ур чадвар зэрэгтэй холбоотой байна уу гэж харж байгаа.
БЕГ-ын дарга Х.Тамирын томилгоо нь өөрөө хууль ёсных юм уу гэдэг нь эргэлзээтэй.
Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны дагуу тэргүүн түшмэлийн албан тушаалд тус албан тушаал нь хамаарахаар байгаа бөгөөд 23.2.1-т эрхэлсэн түшмэлийн албан тушаалд зургаагаас доошгүй жил ажилласан байж тэргүүн түшмэлд томилогдохоор байгаа юм. Гэтэл даргын эрхэлсэн ажил албан тушаалын түүхээс харахад дөрвөн жилийн хугацаанд эрхэлсэн түшмэлийн ажлыг гүйцэтгэжээ. Хэрхэн яаж дүйцүүлж өнөөдөр БЕГ-ын даргаар томилогдсон нь тодорхойгүй.
Түүнээс гадна тус дарга төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50.6-д заасны дагуу үнэлгээний хороонд сурах бичигтэй холбоотой асуудлаар мэргэшсэн хүнийг томилж ажиллуулсан юм уу. Энэ үнэлгээний хороонд ямар хүмүүс байгаа юм бэ гэдэг нь асуудалтай.
Сурах бичгийн мэргэшсэн ахлах мэргэжилтнүүд байдаг уу гэдэг асуулт хамгийн том асуудал болж байна.
Цаашилбал сурах бичгийн тендерийг шалгаруулахад тендерт материал ирүүлсэн оролцогч нарын оюуны өмчтэй холбоотой асуудлын талаар авч үзье.
Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн 11.4-т зааснаар Ерөнхий боловсролын сурах бичгийг ашиглах онцгой эрх нь Боловсролын Яаманд байхаар заасан.
Гэтэл 2024-2025 онд татвар төлөгчдийн 6.7 тэрбум төгрөгөөр боловсруулсан туршилтын сурах бичгийг оролцогч компаниудаас өөрсдийнхөө зохиосон сурах бичиг байж болзошгүй мэтээр оруулж ирж байгаа нь эргэлзээтэй. Тэр хүмүүсийн гарт яаж эдгээр сурах бичгийн агуулга очсон юм бэ. Энэ мэтээр оюуны өмчийн зөрчилтэй байж болзошгүй асуудал гарч байна" гэдгийг нэмж тайлбарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


