Д.Даваабаяр: ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг өглөөний ид ачаалалтай давхцуулахгүй байх чиглэл өгсөн
Шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штаб ээлжит хурлаа өнөөдөр хийлээ.
Аравдугаар сарын эхний тав хоногт 4,400 тонн АИ-92 автобензин, 12,800 тонн дизель түлш импортоор орж ирсэн байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 38 вагон буюу 2,280 тонн АИ-92 автобензин байгаагаас 28 вагон буюу 1,680 тонныг агуулах байрлах өртөөнд буулган Шатахуун Түгээх Станц(ШТС) руу ачиж байна гэж Ашигт Малтмал Газрын Тосны Газар(АМГТГ)-ын хэлтсийн дарга Д.Даваабаяр мэдээлэв.
Харин түгээлтийн талаар тэрбээр "Аравдугаар сарын 5-нд Улаанбаатар хотын 137 ШТС руу 1,490 тонн, орон нутгийн 88 ШТС руу 1,221 тонн АИ-92 автобензин хүргэсэн. Мөн өчигдрийн шуурхай хуралдаан дээр Тээврийн Цагдаагийн Албанаас ШТС-уудын ээлж хүлээлцэх цаг нь өглөөний ид ачааллын үе буюу иргэдийн ажилдаа явах цагтай давхцаж байгаа тул ээлж хүлээлцэх цагийг зохицуулах санал гаргасан. Үүнийг Шуурхай штаб хэлэлцээд ээлж солих цагийг хүүхдүүд хичээлдээ, иргэд ажилдаа явах үетэй давхцуулахгүй, иргэд шатахуун авах цагаар ээлж хүлээлцэхгүй байх чиглэлийг аж ахуйн нэгжүүдэд өгсөн" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
