“The Assassin(s)” киног тойрсон маргаан үргэлжилж, жүжигчнийх нь Сөүл дэх гэрийн ойролцоо эсэргүүцлийн цуглаан болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

1974 онд болсон ерөнхийлөгч Пак Чун Хигийн амь насанд халдах оролдлогын тухай уран сайхны шинэ кино Өмнөд Солонгосын нийгэмд нэлээд маргаан дэгдээгээд байна.

Энэ халдлагын үеэр Пак амьд үлдсэн ч түүний гэргий Юк Ён Сү амиа алдаж байжээ.

Албан ёсны мөрдөн байцаалтын дүгнэлтээр Япон улсад оршин суудаг солонгос иргэн Мүн Сэ Гван уг халдлагыг Умард Солонгосын заавраар гүйцэтгэсэн гэж үздэг. Гэвч өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “The Assassin(s)” кинонд уг халдлагад Өмнөд Солонгосын засгийн газар болон тагнуулын байгууллагын албан тушаалтнууд оролцсон байж болзошгүйг харуулсан юм.

Тиймээс зарим шүүмжлэгчид уг киног түүхэн үнэнийг гуйвуулсан, худал таамагт үндэслэсэн хэмээн буруушааж байгаа.

Ням гарагт консерватив үзэл баримтлалтай иргэний нийгмийн төлөөлөгчид Сөүл хотын Сонбук дүүрэгт уг кинонд гол дүрийг бүтээсэн жүжигчин Ю Хэ Жиний гэрийн ойролцоо эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, уучлал гуйхыг шаардсан байна.

Тэд бас киног театруудын үзвэрээс буцааж татахыг шаардаж байв.

зураг
 

Тэгвэл Даваа гарагт жүжигчин Ю Хэ Жин харьяалагддаг VAST Entertainment агентлаг зарим хүмүүсийн эсэргүүцлийг үл хайхран хатуу байр суурь баримтлахаа мэдэгджээ.

Тус агентлагаас гаргасан мэдэгдэлд “Бүд жүжигчний хувийн орон зайд халдсан, аюулгүй байдалд заналхийлсэн, нэр хүндийг нь гутаасан аливаа үйлдлийн эсрэг хатуу арга хэмжээ авах болно” гээд эсэргүүцэгчдийн үйлдэл бүрийг баримтжуулж байгаагаа анхааруулсан байна.

Өмнөд Солонгосын соёлын сайд Чэ Хви Ён бас эсэргүүцэгчдийн үйлдлийг шүүмжилсэн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр сошиал хуудсаараа дамжуулан жүжигчид, уран бүтээлчдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаа болон хууль сахиулах байгууллагуудад уриалсан байна.

“Хүмүүс киног өөрсдийн үзэмжээр дүгнэх эрхтэй ч уран бүтээлчдийн хувийн аюулгүй байдалд заналхийлэх нь ардчиллыг устгах үйлдэл юм” гэж сайд мэдэгджээ.

Гэрийнх нь гадаа цугларснаас гадна шүүмжлэгчид сошиал орчинд Ю Хэ Жиний эсрэг сөрөг сэтгэгдлүүдээр дайрч, түүний сурталчилсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг хүмүүст уриалж байна. Бас түүнтэй байгуулсан гэрээгээ цуцлахыг компаниудаас шаарджээ.

Тэгвэл өчигдөр бас кино урлагийн 19 байгууллага хамтарсан мэдэгдэл гаргаж, уг киноны жүжигчид, уран бүтээлчдийн талд байгаагаа батлан илэрхийлсэн байна.

Энэхүү маргаан зөрчил “The Assassin(s)” киноны төлөвлөгдсөн арга хэмжээнүүдэд ч нөлөөлж эхлээд байгаа. Тухайлбал тус киног бүтээсэн компани аюулгүй байдлын үүднээс 31 дэх Пусаны Олон Улсын Кино Наадмын үеэр зохион байгуулах нээлтийн ёслол, гадаад зураг авалтын арга хэмжээнүүдээ цуцалжээ.

“The Assassin(s)” кино одоогоор Өмнөд Солонгосын кино театруудад эрэлтээрээ тэргүүлж, Даваа гарагийн байдлаар тасалбарын борлуулалт нь хоёр саяыг давсан байна.

 

Эх сурвалж: Korea Times