Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх асуудлаар Европын Холбооны багтай уулзалт зохион байгуулжээ
Нийслэл хотын эрчим хүч, дулаан хангамжийн салбарын төлөөлөл Европын Холбооны баг, олон улсын болон дотоодын эрчим хүчний зөвлөхүүдтэй уулзаж, нийслэлийн эрчим хүчний шилжилтийн талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Тухайлбал нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулах, дэд бүтцийн найдвартай байдлыг сайжруулах, мөн цэвэр, ногоон технологид шилжих боломжуудын талаар ярилцсан байна.
Улаанбаатар хотын ногоон шилжилт ашиглаж буй дулаан, цахилгааны дэд бүтцээ илүү үр ашигтай, ухаалаг, найдвартай, тогтвортой болгохоос эхэлнэ. Энэ чиглэлээр Европын Холбоо болон олон улсын түншүүдийн техникийн мэдлэг, хөрөнгө оруулалтын боломжийг нийслэлийн хөгжлийн бодлого, хэрэгцээтэй уялдуулах нь чухал гэдгийг талууд илэрхийлжээ.
Уулзалтад нийслэлийн эрчим хүчний төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч Ч.Батзориг, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Б.Мөнгөнхишиг, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Ерөнхий инженер В.Ганбаатар, Европын Холбооны Тогтвортой эрчим хүчний эксперт, багийн ахлагч Тьерри Бертуль, Европын Холбооны Олон улсын түншлэлийн Ази, Номхон далайн хөрөнгө оруулалтын багийн Венсан Вио нар оролцлоо хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


