Нийслэл хотод 266 шинэ барилга, объект дулааны эрчим хүчинд холбогдохоор техникийн нөхцөлөө авчээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Халаалтын улиралд нийслэлийн 14,500 гаруй барилгыг дулааны эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн бол шинээр 226 барилга, объект дулааны шугамд холбогдохоор болжээ.

Энэ тухай "УБДС" ТӨХК-ийн Шуурхай удирдлагын албаны дарга М.Ууганбаяр "Өвлийг өнтэй давахын тулд 2026 оны тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 13-ны хооронд 8 удаагийн зогсолт хийж, "УБДС" ТӨХК-ийн 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр дулааны шугам сүлжээг солих ажлыг гүйцэтгэлээ.

УБЗАА-ны захиалгаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлалтай Миний хайпермаркет орчмын авто зам доорх дулааны шугамыг шинэчлэн сольсон.

Мөн Дэлхийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Толгойт орчмын болон 3,4 дүгээр хорооллын Имартаас 1000 нэрийн барааны дэлгүүр хүртэлх, Эрчим хүчний яамны хөрөнгөөр 10а магистраль буюу ДЦС-4-өөс БҮК хүртэлх дулааны шугамыг шинэчлэх ажил хийгдэж байна.

2026-2027 оны халаалтын улирлын дулааны шугамын засварын ажил 95 хувьд хүрч, дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулах ажил эхэлсэн бөгөөд гэрээ байгуулах айл өрх, ААН-үүд төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагыг тавьж байна.

Орон сууцны хувийн контор болон орон сууцны удирдах газар засварын ажлуудаа дуусгаж, есдүгээр сарын 15-наас айл өрх, ААН-үүдийг дулаанаар хангах бэлтгэлээ хангахыг зөвлөе.

2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн 14,500 гаруй барилгыг дулааны эрчим хүчээр хангах бол 266 барилга, объект шинээр дулааны эрчим хүчинд холбогдохоор техникийн нөхцөл авсан байна" хэмээн ярилаа.