О.Тулга: Технологийн өөрчлөлтийн 70-80 хувь нь технологиосоо илүү ажиллах арга барилын шинэчлэл байдаг
Монголын харилцаа холбооны салбарт сүүлийн 15–16 жилд гарсан хамгийн том ахиц бол интернэт, дата үйлчилгээний хүртээмж эрс нэмэгдсэн явдал юм. 4G, 5G технологи орон даяар нэвтэрч, суурь дэд бүтэц шинэ шатанд гарлаа.
Харин өнөөдөр "Цаашид юу хийх вэ?" гэдэг асуулт тулгарч байна. Юнител группийн хувьд өөрчлөлтийг зөвхөн сүлжээний шинэчлэлээр хязгаарлахгүй, технологи, медиа, байгууллагад зориулсан технологийн шийдэл болон дижитал үйлчилгээний бизнесүүдийг холбосон экосистем бүрдүүлэн ажиллаж байна. Энэхүү шилжилт нь багийн зохион байгуулалт, AI, дата болон кибер аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаар Юнител группийн Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал О.Тулгатай ярилцлаа.
- Юнител групп 20 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөж, өнөөдөр ямар үнэ цэнийг бүтээдэг технологийн групп болон хөгжиж байна вэ?
- Бид 2006 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш харилцаа холбооны үндсэн бизнестээ төвлөрч ирсэн. Харин сүүлийн 10 гаруй жилд медиа, сүүлийн 4-5 жилд дижитал үйлчилгээний чиглэл рүү шаталсан байдлаар тэлж, "Toki" зэрэг экосистемийн платформуудыг бий болгоод байна.
Энэ бүх салбарыг зангидаж байгаа цөм нь технологийн чадамж юм. Өөрөөр хэлбэл, Юнител групп өнөөдөр зөвхөн харилцаа холбооны оператор биш, уламжлалт бизнесийн бат бөх суурин дээрээ медиа, дижитал болон enterprise шийдлүүдийг нэгтгэн, хэрэглэгч болон байгууллагуудад технологиор дамжуулан цогц үнэ цэнэ бүтээдэг технологийн экосистем болж өөрчлөгдөж байна.
- Таны ажиллаж байгаа 16 жилийн хугацаанд Монголын мэдээлэл технологийн салбарт гарсан харсан хамгийн том өөрчлөлт юу байсан бэ? Дараагийн том сорилт нь юу болж байна вэ?
- Хамгийн том өөрчлөлт бол дата ба интернэтийн хүртээмж асар хурдтай өссөн явдал. Өөрөө хэлбэл, 10 гаруй жилийн өмнө нийт хүн амын 20 орчим хувь нь л интернэт хэрэглэдэг байсан бол өнөөдөр 4G, 5G сүлжээ орон даяар нэвтэрч, Монгол улс дэлхийтэй өрсөлдөхүйц дэд бүтэцтэй болсон.
Харин дараагийн стратегийн гол сорилт бол энэхүү бэлэн болсон суурь дэд бүтэц дээрээ тулгуурлан дижитал экосистемийг хэрхэн чанаржуулж, хэрэглэгчийн өдөр тутмын амьдрал, бизнесийн үр ашгийг дээшлүүлэх дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг хөгжүүлэхэд чиглэж байна.
- Юнител групп үндэсний хэмжээнд технологийн олон төрлөөр үйл ажиллагаагаа явуулж буй том групп компани болж тэлсэн байна. Гэтэл нөгөө талд технологид хурдтай өөрчлөлт маш чухал байдаг. Энэ хоёрын тэнцвэрийг хэрхэн олох ёстой вэ?
- Багийн бүтэц, соёл, ажиллах арга барилаа шинэчлэх шаардлагатай. Ихэнх уламжлалт бүтэц, олон шат дамжлага нь шийдвэрийг удаашруулдаг. Тиймээс бид уян хатан (Agile) аргачлал руу шилжээд удаж байна. Энэ нь эхнээс нь бүхнийг төгс төлөвлөж урт хугацаа зарцуулахаас илүү богино давтамжтай үе шатуудаар ажиллаж, үр дүнгээ харан дараагийн алхмаа тодорхойлох арга барил юм.
- Олон чиг үүргийн (cross-functional) багаар ажиллахад бодит амьдрал дээр юу өөрчлөгддөг вэ?
- Өмнө нь бизнесийн баг IT болон инженерийн багт шаардлагаа өгөөд, тодорхой баримт бичиг гаргаж, хөгжүүлэлт хийлгэдэг байсан. Тухайн бүтээгдэхүүн 1-3 сарын дараа бэлэн болоход эргээд бизнесийн багт хүлээлгэж өгдөг.
Гэхдээ энэ хугацаанд бизнесийн шаардлага өөрчлөгдөх боломжтой. Тэгэхээр эхэнд өгсөн шаардлагаар бүтээгдэхүүн хөгжүүлээд дуусах үед бодит хэрэгцээ нь өөр болчихсон байх тохиолдол гардаг. Үүнийг өөрчлөхийн тулд бид бизнесийн зорилго, үр дүнг хариуцдаг олон чиг үүргийн багаар ажиллаж байгаа. Тухайн багт бизнесийн хүн, маркетингийн хүн, борлуулалтын хүн, IT, инженерчлэлийн хүмүүс зэрэг өөр өөр чиглэлийн мэргэжилтнүүд нэг зорилгын төлөө хамт ажиллана.
Өөрөөр хэлбэл, зөвхөн “энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлээд өг” гэсэн захиалга авч ажиллах биш, тухайн бүтээгдэхүүн ямар бизнесийн үр дүн авчрах вэ гэдгийг баг өөрөө хариуцдаг, эрхийг нь олгодог гэсэн үг.
- Арга барилын хувьд ярья. Төсөл төвтэй ажиллахаас бүтээгдэхүүн төвтэй арга барил руу шилжихэд практик дээр ямар ялгаа гарч байна вэ?
- Төсөл төвтэй ажиллахад ажил дуусахад баг тардаг. Харин бүтээгдэхүүн төвтэй арга барилын үед тухайн баг тогтвортой ажиллаж, хөгжүүлэлтээс эхлээд үйл ажиллагаа, удирдах хүртэлх бүх процессыг хариуцна. Ингэснээр хэрэглэгчээс ирэх санал хүсэлтийг бүтээгдэхүүнийг анхнаас нь хөгжүүлсэн баг өөрөө шууд авч, асуудлыг хурдан шийдвэрлэх боломж бүрддэг. Үүгээрээ ялгаатай бас давуу талтай байгаа.
Технологийн өөрчлөлтийн 70-80 хувь нь технологиосоо илүү ажиллах арга барил, процессын шинэчлэл байдаг.
- Шийдвэр гаргах эрхийг багт өгөхөд ямар өөрчлөлт гардаг вэ?
- Бид багийг аль болох жижиг буюу 5-8 хүний бүрэлдэхүүнтэй байлгахыг зорьдог. Багт бие даан шийдвэр гаргах, алдаагаа засах эрхийг нь хамт өгснөөр ажилтнууд ажлынхаа төлөө 100 хувь хариуцлага хүлээж, сэтгэл зүрхээ зориулдаг. Үнэндээ технологийн өөрчлөлтийн 70-80 хувь нь технологиосоо илүү ажиллах арга барил, процессын шинэчлэл байдаг.
- Бэлэн шийдэл авалгүй дотроо бүхнийг хөгжүүлнэ гэдэг эрсдэлтэй алхам. Үүний үр дүнд Юнител юу авч чадсан бэ?
- Бизнест гурван чухал зүйл байдаг: Хурд, Ялгарал, Зардлын үр ашиг. Бусдын хийсэн бэлэн кодоор энэ гурвыг зэрэг авч чадахгүй. Бид өөрсдөө хөгжүүлж эхэлснээр зах зээлд өөр хэнд ч байхгүй хурдыг бий болгосон.
Үүний үр дүнд өнөөдөр Юнител зөвхөн өөрсдийн системээ хөгжүүлээд зогсохгүй, бодит бизнесийн орчинд туршигдаж чанар нь батлагдсан дижитал шийдлүүдээ банк, худалдаа гээд бусад салбарын байгууллагуудад нийлүүлж, байгууллагын процессыг нь дижиталжуулдаг "технологийн хамтрагч" нь болоод ажиллаж байна.
McKinsey: дэлхийн байгууллагуудын 78 хувь нь AI ашиглаж байгаа ч яг бодит үнэ цэн бүтээж чадсан нь цөөн байна
- Хиймэл оюуныг бизнестээ ашиглахдаа Юнител ямар үндсэн зарчим баримталж байна вэ? Хүн бүр AI ярьж байгаа энэ үед жинхэнэ үнэ цэнийг яаж бий болгох вэ?
- AI бол дагаад шуураад байх тренд биш, бизнесийн асуудал шийдэх хэрэгсэл юм.
McKinsey-ийн 2025 оны судалгаанаас харахад дэлхийн байгууллагуудын 78 хувь нь AI ашиглаж байгаа ч яг бодит үнэ цэн бүтээж чадсан нь цөөн байдаг. Учир нь тэд технологийн араас сохроор хөөцөлдөж, ажлын үйл явцаа шинэчлэхийг орхигдуулдаг.
Тиймээс бид "Эхлээд технологи, дараа нь асуудал" гэсэн зарчмаар биш, харин "Эхлээд бизнесийн яг ямар асуудлаа шийдэх вэ?" гэдгээ тодорхойлоод, түүндээ яг тохирох хиймэл оюуны загварыг сонгон ажиллуулах зарчмыг баримталдаг. Заавал тэрбум доллар зарцуулж өөрсдөө суурь загвар (Model) хөгжүүлэхээс илүүтэй бэлэн байгаа дэлхийн шинэлэг загваруудыг зөв асуудал дээрээ оновчтой холбох нь хамгийн чухал
- Онолоос практик руу оръё. Юнител групп AI-ийг бодит ажилд нэвтрүүлснээр ямар хэмжигдэхүйц өөрчлөлт гарсан бэ?
- Бид хиймэл оюуныг үндсэн хоёр чиглэлд бодитоор ажиллуулж байна.
Нэгдүгээрт, сүлжээний аюулгүй байдал, бүтээмжид. Монгол орон даяарх харилцаа холбооны сүлжээн дээр секунд тутамд үүсдэг сая гаруй дохио, техникийн тохиолдлуудыг хүн гараар хянах боломжгүй. Үүнийг AI туслах систем 24/7 тасралтгүй аналитик хийж, сүлжээний саатал гарахаас өмнө сэргийлж байна.
Хоёрдугаарт, хэрэглэгчийн үйлчилгээнд. Дуудлагын төвд сард 550-600 мянган хүсэлт ирдгээс бараг тал хувийг нь хиймэл оюунт оператор автоматаар шийдвэрлэж байна. Үлдсэн нарийн төвөгтэй хүсэлтүүдийг AI автоматаар ангилан, яг тохирох мэргэжилтэнд нь хуваарилж, асуудал бүрэн шийдэгдэх хүртэл үйл явцыг эцсийг нь хүртэл хянадаг болсон.
- Технологийн эрин үед кибер аюулгүй байдлын эрсдэл, халдлага өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Маш том систем, олон хэрэглэгчтэй Юнител группийн хувьд энэхүү хамгаалалтын арга барилаа хэрхэн шинэчилж байна вэ?
- Өнөөдөр кибер хамгаалалт бол идэвхгүй ажиглах биш, тасралтгүй сөрөг халдлагаас мил секунд тутамд сэргийлэх асар том тэмцэл болсон. Энгийн нэг жишээ хэлэхэд, зөвхөн Юнител рүү сард 10-20 сая халдлагын шинжтэй цахим шуудан ирдэг. Үүний 98 хувийг бид AI болон автоматжуулсан системээр хүний оролцоогүйгээр шууд илрүүлэн аюулгүй болгож байна.
Мөн бид өдөрт 2-3 удаа кодын шинэчлэлт хийдэг Agile, DevOps зарчмаар ажилладаг. Тиймээс аюулгүй байдлын шалгалтыг сүүлд нь хийж цаг алдах биш, инженер кодын эхний мөрийг бичихээс эхлээд системд шилжүүлэх (deploy) хүртэлх бүх шийдвэрлэх шатанд автоматаар уншдаг DevSecOps бүтэц рүү бүрэн шилжсэн.
- Хиймэл оюуны тухай ярихад дата өгөгдөл салшгүй дагалддаг. Дата яг AI-д ямар үүрэгтэй вэ, Юнител группийн хувьд дата дэд бүтцээ хэрхэн шинэчилж байна вэ?
- Дата бол хиймэл оюуны ажиллах үндсэн түүхий эд, бензин нь. Түүхий эд нь чанаргүй бол хиймэл оюун хэчнээн ухаалаг байгаад сайн үр дүн гаргаж чадахгүй. Тиймээс бид энэ датаг зөв бүтэцтэй, цэвэр, нэгдмэл болгохын тулд Dell Technologies-тэй хамтран Data Lakehouse шийдлийг нэвтрүүллээ.
Өмнө нь газар, нэгж бүрд цугларсан датаг гараар цуглуулж цаг алддаг байсан бол одоо нэгдсэн нэг системд автоматаар цугларч, боловсруулагддаг болсон. Ингэснээр хиймэл оюунт системүүд дата дээр саадгүй, хурдан ажиллах суурь нөхцөл бүрдэхээс гадна, бизнесийн дата дээр суурилсан шийдвэр гаргалтууд асар хурдтай болж байгаа.
- Маш их хэмжээний дата цугларч байгаа үед хэрэглэгчид өөрсдийн аюулгүй байдал, нууцлалдаа хэрхэн итгэж болох вэ?
- Олон талт экосистем өөрөө дата аюулгүй байдлын маш өндөр хариуцлага шаарддаг. Юнител өнөөдөр зөвхөн харилцаа холбооны оператор биш, иргэд болон байгууллагуудын өдөр тутмын дижитал амьдрал, бизнесийн үйл ажиллагааг холбож байгаа тул аюулгүй байдлын шаардлага систем бүр дээр ижил өндөр түвшинд тавигддаг.
Практик дээр бид дараах гурван түвшинд аюулгүй байдлыг хангаж байна:
- Дэд бүтэц. Манай дата төв олон улсын Tier 3 стандарттай буюу 99.98% тасралтгүй ажиллах, эрчим хүч ба сүлжээний олон давхар эх үүсвэртэй.
- Стандарт ба аудит. Кибер аюулгүй байдлын олон улсын NIST тогтолцоог баримталж, хөндлөнгийн эрх бүхий байгууллагуудаар жилд хоёр удаа аудит хийлгэдэг.
- Процесс. Шинэ бүтээгдэхүүн бүрийг зах зээлд гаргахаас өмнө кодын түвшинд аюулгүй байдлын автомат туршилтуудыг заавал суулгаж, өмнө болон дараа нь аюулгүй байдлын автомат шалгалтыг байнга хийдэг.
Энэхүү стандарт, аудит, дэд бүтцийн цогц байдал л хэрэглэгчдийн дата аюулгүй байх үндсэн баталгаа болдог. Өөрөөр хэлбэл, энэхүү дэлхийн түвшний дэд бүтэц, ажиллах процессууд болон манай багийн ур чадварын цогц байдал хэрэглэгчдийн датаг найдвартай хамгаалдаг гэдгийг хэлмээр байна.
- Ийм асар хурдацтай технологийн өөрчлөлтийн үед залуус болон байгууллагууд ямар ур чадварт илүү анхаарах ёстой вэ?
- Ирээдүйд зөвхөн нэг дипломоор эсвэл нэг мэргэжлээр өөрийгөө хязгаарлах боломжгүй болж байна. Залуусын хувьд шинэ зүйлийг тасралтгүй бие даан эзэмших буюу "суралцаж сурах чадвар" хамгийн чухал. Жишээ нь, инженер хүн зөвхөн код бичих биш, бизнесийн орчин болон хэрэглэгчийн хэрэгцээг хамтад нь ойлгодог T-shaped ур чадвартай байх шаардлагатай.
Харин байгууллагуудын хувьд 5-10 жилийн цаасан дээрх урт стратегиас илүү 2-3 жилийн хүрээнд хурдан шуурхай шилжиж чаддаг уян хатан орчин, соёлыг бүрдүүлэх хэрэгтэй. Жижиг багууддаа бие даан шийдвэр гаргах эрх мэдэл болон хариуцлагыг нь хамт өгч ажиллуулах нь хурдтай байхын үндэс болж байна.
- Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
