Дэлхийн хамгийн өндөр настай хүн 117 насны төрсөн өдрөө тэмдэглэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн өндөр настай хүн өчигдөр буюу Баасан гарагт Английн Суррей гүнлэгт 117 насны төрсөн өдрөө гэр бүл, найз нөхдийн хамт тэмдэглэжээ.

Лайтуотер хотын “Hallmark Lakeview Care Home” асрамжийн газарт амьдардаг Этел Кэтерхэм нь 2025 оны дөрөвдүгээр сард Бразилын гэлэнмаа Ина Канабарро Лукасыг 116 насандаа таалал төгссөний дараа дэлхийн хамгийн өндөр настай хүн болсон юм.

Тэрбээр Титаникын ослоос гурван жилийн өмнө, Оросын хувьсгалаас найман жилийн өмнө төрж, дэлхийн хоёр дайныг туулсан хүн юм байна.

Этел бас 2020 онд 110 насандаа коронавирусийн халдвар авсны дараа амьд үлдсэн хамгийн өндөр настай хүмүүсийн нэг болж байжээ.

Тэрбээр Хэмпшир гүнлэгийн Шиптон Беллингерт найман хүүхэдтэй айлын долоо дахь хүүхэд болон мэндэлсэн юм.

VII Эдвард хааны сүүлчийн албат Этен өсвөр насандаа 1927 онд Энэтхэгт очиж, тэнд амьдардаг цэргийн гэр бүлд туслагчаар ажиллаж байжээ.

1931 онд тэр Их Британид болсон оройн зоог дээр Британийн армийн дэд хурандаа Нормантай танилцаж, хожим Хонконгт хамт амьдрах болсон байна.

Тэд Хонконгт асрагчийн сургууль нээн ажиллуулж байжээ. Этен хоёр охин төрүүлсэн нь хоёул ээжээсээ өмнө нас барсан байна.

Нөхөр Норман нь 1976 онд нас барсан бол эгч нарынх нь нэг Глэдис 104 насалж байжээ.

зураг
 

Өнгөрсөн оны есдүгээр сард 116 нас хүрээд удаагүй байхад нь Чарльз хаан Этентэй уулзаж байв.

Энэ уулзалтын үеэр 1969 онд Уэльсийн хунтайж болохдоо 21 настай Чарльз “бүх охидын мөрөөдлийн эр” болж байсныг Этен дурсан ярьжээ.

Этен нь өнөөдөр амьд сэрүүн байгаа хүмүүсээс хамгийн өндөр настай хүн юм. Харин бүх цаг үеийн хамгийн урт насалсан хүн нь  1997 онд 122 насандаа таалал төгссөн Францын иргэн эмэгтэй Жанна Калмент бөгөөд Гиннесийн дээд амжилтын номд бичигдсэн байдаг.

 

Эх сурвалж: BBC