Евро 5 төрлийн бүтээгдэхүүн ашигласнаар цаашид өөр улс орнуудаас импортолж, эх үүсвэрүүдийн тоо нэмэгдэнэ
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 35 вагон цистерн буюу 2,100 тонн автобензин, Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Сайншанд, Чойр өртөөдөд хүргэгдсэн байна. Улмаар Улаанбаатар хотод нийт 1,343 тонн автобензинийг 103 шатахуун түгээх станцад, орон нутаг 314 тонн АИ92 төрлийн бүтээгдэхүүнийг 39 шатахуун түгээх станцад нийлүүлээд байгаа талаар Шуурхай штабаас мэдээллээ.
Өнөөдрийн түвшинд 32 вагон цистерн буюу 1,920 тонн автобензин буулгах өртөөд дээр ирсэн байна.
Намрын ургац хураалтын дундуур дизель түлшнийхээ хангалтыг сайжруулах, эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа аж. Түүнчлэн уул уурхай болон тариалангийн компаниуд өөрсдийн намрын нөөцөө бүрдүүлэх чиглэлийг өгчээ.
Евро 5 төрлийн бүтээгдэхүүн нь хүхрийн агууламж багатай, өндөр чанарын бүтээгдэхүүн бөгөөд цаашид нийслэлд зөвхөн энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглүүлэх бодлого барьж байгаа аж. Энэ нь цаашид техник, экологи, эрүүл мэндэд тустай гэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Евро 5 төрлийн бүтээгдэхүүн ашигласнаар цаашид өөр улс орнуудаас импортлох, эх үүсвэрүүдийн тоо нэмэгдэх сайн талтай. Евро 5 төрлийн бүтээгдэхүүн үнэ өндөр учраас зарагддаггүй хэдий ч энэ нь зөвхөн нэг улсаас хараат байдлыг бий болгож байна гэв.
"Газрын тосны бүтээгдэхүүний үнэ үндсэн түүхий тосон дээр суурилдаг. Гэтэл Ойрх дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний үнэ газрын тосны үнэнээсээ асар өндөр үнэтэй болсон. Дайнаас болж олон боловсруулах үйлдвэрүүд гэмтсэн. Түүхий тос нь байгаа хэдий ч зөвхөн ОХУ гэхэд боловсруулах хүчин чадал нь 30-40 хувь багассан.
Иймд эрэлт ихтэй нийлүүлэлт бага учраас газрын тосон дээр суурилсан үнээс илүү бэлэн бүтээгдэхүүний үнэ асар өндөр байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
