Антони Д.Миллер: ChatGPT болон түүнтэй төстэй хиймэл оюун ухаант хэрэгслүүдийг тооны машинтай адил зөвхөн туслах хэрэгсэл болгон ашиглах ёстой
Иргэншил хоорондын мөргөлдөөн ба шинэчлэгдэн буй дэлхийн дэг журам бүтээлээрээ Монголчуудын эчнээ танил болсон АНУ-ын улс төр судлаач Самуэл Ф.Хантингтон “Бүх зүйл дижитал болж цахим засаглал бүхнийг хянах болно” гэж 1990-ээд онд бичиж байв.
Тэгвэл тэрхүү бичиж асан өнөөх цаг үе нь хэдийн бидний хаалганы өмнө ирж биеллээ олж эхлэв үү?
Ийнхүү орчин цагийн дижитал шилжилт хиймэл оюун ухааны хэтийдсэн хэрэглээ түүний хор уршиг, нэн ялангуяа боловсролын салбарт хэрхэн нөлөөлж буй тухайд судлаач, профессор Aнтони Д. Миллертэй ярилцсанаа хүргэж байна.
- Их сургуулийн философийн багш маань “Математик бол дээд түвшний философи” гэж хэлж байсан юм. Гэтэл өнөөдөр оюутнууд математикийн бодлого бодохдоо хүртэл хиймэл оюун ухааныг ашиглах болсон. Энэ салбарын хүний хувьд та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
- Энэ нь оюутнууд хичээл зүтгэл гаргаж, оюун ухаанаа ашиглахаас улам бүр татгалзаж, дижитал эриний боол болохыг илүүд үзэж байна гэсэн үг.
Анх интернэт хөгжсөн үеэс л суралцах үйл явцтай холбоотой олон асуудал урган гарч эхэлсэн бөгөөд хиймэл оюун ухаан бол үүний ердөө орчин үеийн, хувьсан хөгжсөн дараагийн шат юм.
Интернэт орчин дахь хайлтын системийн хэрэглээ 2007 оноос эхэлж эрчимжсэн. Энэ үеэс л суралцах арга барил, судалгааны хэв маягт томоохон өөрчлөлтүүд гарч эхэлсэн гэж санагддаг.
Сонирхолтой нь би бүр 2004 онд интернетээс яв цав хуулаад аваад ирсэн оюутны бие даалттай таарч байлаа.
- Тэгвэл өнөөгийн дижитал эрин үеийн хиймэл оюун ухааны хэрэглээ нь боловсролын салбарт хэрхэн нөлөөлж байна гэж та харж байна вэ?
- Хиймэл оюун ухааны хэрэглээ нь ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулиудын аль алинд нь хангалттай зохицуулалтгүй байна.
Бага насны хүүхдээс эхлээд K–12 буюу ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хүртэл дэлгэцийн хэт их хамааралтай байгаагаас тэдний бие даан шийдвэр гаргах чадвар болон бүтээлч сэтгэлгээг хязгаарлаж буй нь харамсалтай. Улмаар тэдгээр дижитал эриний хүүхдүүд их сургуульд элсэн ороход академик болон танин мэдэхүйн ур чадвар нь хангалттай хөгжөөгүй байгаа нь ажиглагддаг.
Тэд ном, сурах бичиг зэрэг бодит эх сурвалжуудыг ашиглаж өөрсдөө мэдээлэл олж судлан, дүн шинжилгээ хийхийн оронд хялбараар нь хиймэл оюун ухаанд асуудлаа даатгачихдаг болсон.
- Хиймэл оюун ухааны хэрэглээний хувьд Монгол болон бусад улс орны суралцагчдад ялгаа ажиглагддаг уу?
- Эрин үеэ дагадаг юм болов уу, гэмээр өнөөгийн залуу үеийнхэн өссөн газар болон үндэс угсаанаасаа үл хамааран хиймэл оюун ухааныг ашиглах зан төлөвийн хувьд улам бүр адилхан болж байна. Тиймээс Монгол болон бусад улс орны оюутнуудын хооронд хиймэл оюун ухаан ашиглахын тухайд үндсэндээ ялгаа төдийлөн байхгүй гэж хэлье.
Мөн үүний нэгэн шалтгаан нь олон улсын хэмжээнд залуу үеийнхний сошиал орчин дахь зан төлөв, мэдээлэл хүлээн авах хэв маяг нь ижил төстэй байгаатай холбоотой байж болох юм. Түүнчлэн дэлгэцийн хэт хэрэглээтэй холбоотой статистик үзүүлэлтүүд ч хоорондоо нэлээд төстэй гарч байгаа.
- Та өмнөх хариултдаа суралцагчид ном, сурах бичиг зэрэг бодит эх сурвалжаас илүү хиймэл оюун ухаанд найдах болсон талаар дурдсан. Гэвч нөгөө талаараа ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулиуд ч мөн энэхүү дижитал шилжилтэд дасан зохицож, сургахуйн арга барилдаа зохих өөрчлөлтийг хийх хэрэгтэй биш гэж үү?
- ChatGPT болон түүнтэй төстэй хиймэл оюун ухаант хэрэгслүүдийг тооны машинтай адил зөвхөн туслах хэрэгсэл болгон ашиглах ёстой гэж би хардаг. Надтай мөр зэрэгцэн боловсролын салбарт идэвхтэй ажиллаж буй багш нар ч мөн адил энэ байр суурийг илэрхийлнэ.
Хиймэл оюун ухаанд хэт найдах нь оюутнуудын сэтгэх, шийдвэр гаргах зэрэг оюун ухаанаа ашиглах боломжтой бүтээлч чадварыг нь устгаж, сүйрлийн ирмэгт авчирч байна.
Тиймээс бүх шатны боловсролын байгууллагууд хиймэл оюун ухааныг сургалтын орчиндоо шинэчлэлт нэрийдлээр нэвтрүүлэхээс илүүтэйгээр суралцагчдыг хэрхэн зохистой, хариуцлагатай ашиглаж сурахад нь чиглүүлж өгөх хэрэгтэй.
- Тэгвэл хиймэл оюун ухааныг хэрхэн зохистой ашиглаж сурах вэ. Мөн хэрэв хиймэл оюун ухааныг зохистой ашиглаж сурвал суралцах үйл явцад ямар давуу тал гарч болох талаар хэлж өгөөч?
- Өмнө нь хэлсэнчлэн хиймэл оюун ухааныг тооны машинтай адил туслах хэрэгсэл гэж үзэж, харьцаж сурах хэрэгтэй.
Юун түрүүнд хиймэл оюун ухаан тэдний өмнөөс гэрийн даалгаврыг нь хийх ёсгүй гэдгийг л ойлгуулах шаардлагатай байгаа юм. Хэрэв тэгэх юм бол хиймэл оюун ухаан нь тухайн оюутанд шинэ санаа гаргахад туслах цаашлаад тухайн санаагаа хөгжүүлэхэд нь чиглүүлэг өгөх маш сайн туслах байж чадна.
- Хиймэл оюун ухааны хэрэглээг зохицуулах шаардлагатай гэж байна. Тэгвэл хиймэл оюун ухаант технологийг хөгжүүлж буй компаниуд тэдний ард буй хүмүүс ч мөн өөрсдийн бүтээлдээ зохицуулалт хийх ёстой биш гэж үү?
- Тэдгээр хөгжүүлж буй хүмүүс болон компаниуд дангаараа хэрхэн зохицуулж чадах вэ гэдэг нь өөрөө яггүй асуудалтай л даа. Зохицуулалт буюу хяналт нь хамгийн түрүүнд эцэг эх, гэр бүлийн орчноос эхлэх ёстой. Түүний дараачаар боловсролын байгууллагууд яригдана.
Боловсролын байгууллагынхны хувьд миний бодлоор сургуулийн анги танхимд хичээлийн үеэр гар утасны хэрэглээг хориглож мөн мэдээллийн технологитой холбоотой хичээлээс бусад тохиолдолд зөөврийн компьютер зэрэг төхөөрөмжийн хэрэглээг хязгаарлаж болох юм.
Түүнчлэн хичээлийн даалгавар болон шалгалтыг цаасан хэлбэрээр авч, оюутнуудыг өөрсдөө бодож тунгаахад хүргэх байдлаар бэлдэх хэрэгтэй.
Өөрчлөлтийг зөвхөн зөвлөмжийн түвшинд бус Боловсролын яамны бодлогоор хэрэгжүүлж, бодитоор мөрдүүлэх шаардлагатай.
Эдгээр нь зохих үр дүнгээ өгөхөд бүтэн нэг үе шаардагдаж ч магадгүй. Гэхдээ ядаж дараагийн үеийнхэн нь зөв бурууг ялган шүүж чаддаг, өөрсдийн тархиар шийдвэр гаргадаг, бие даан бүтээлчээр сэтгэдэг хүмүүс болж төлөвших ёстой.
Үүний зэрэгцээ ирээдүйд амжилттай ажиллаж, амьдрахад нь шаардлагатай хөдөлмөрч чанар, хариуцлага, хувь хүний ёс зүйн суурийг нь ч мөн бат бөх тавьж өгөх нь чухал юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
