Эрх чөлөөгөө ингэж дур зоргоороо хяналтгүй эдэлж яваа улс үндэстэн даян дэлхийд байсан л байх. Гэхдээ XXI зууны хөгжлийн эрин үеийн монголчуудынх бүр ориг. Салж өгдөггүй 36 жил, мөд 37 дахь жилдээ орно, удахгүй 40 жил... Эрх чөлөөний солиоролд цаг нар гэж алга уу гэж бичсэнээ үргэлжлүүлье.
1990 оны Цагаан морин жилийн хувьсгал, 1991-1992 онд социализмаасаа бүрмөсөн татгалзсан, шинэ Үндсэн хууль гэхчлэн түүхэн цаг үе саяхных мэт санагдана. Ололт амжилт чамгүй их байна. Тэр бүхнийг үгүйсгэх гээгүй. Гэхдээ бидний олж харсан ба мэдэрсэн, бараг өдөр бүр харж сонсож байгаа тэр эрх чөлөөг нь Монголын ардчилал ард түмэндээ дэндүү хэтрүүлээд олгочихжээ гэсэн дүгнэлт би хийж байна. Нэг удаа Үүл маань эрх чөлөөний солиорол гэж бэсрэг нийтлэл бичсэнийг би яг тоть шиг давтана. Гэхдээ дэлгэрүүлнэ. Хүлцэж уншина уу!
1992 оны Үндсэн хуульдаа заалт болгон оруулчих минь яав даа гэж харамсах үе бишгүй тохиох юм. Эсвэл дагалдах хууль гаргаж мөрдүүлдэг байжээ хэмээн бүр ч ихээр харамсаж байна. Тэр нь юуны тухай вэ гэвэл МОНГОЛЧУУДЫН ЭДЭЛЖ БОЛОХ ба ЭДЭЛЖ БОЛОХГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨ-ний тухай хууль байх ёстой юмсанж. Гэхдээ оройтоогүй байна. Тийм хууль мөрдүүлэхгүй удвал ирээдүй хойч үе маань маш том хар ангалын аман дээр оччих гэж айлгаад... гэсгээд үндсэн санаагаа бичье.
Социализм монголчуудад аз жаргал авчирсан нь үнэн боловч тоталитари нийгмийн байнгын дагуул болох дарангуйллын гинжээр нийгмийн гишүүдээ хав хүлж баглаж байсныг ардчилал ялаад тэр гинжийг нь үүрд таслаад хаяжээ. Одоо Та нар гинжнээсээ салсан, эрх чөлөөтэй, өөрөө өөртөө эзэн болсон, аз жаргалтай амьдралаа өөрөө зохио сонго, Монголын Төр хойшид Та нарыг цагдан манахгүй, хориглох зүйлгүй, энэ ертөнцийг Та бүхний өмнө нээлттэй болголоо, хүссэнээрээ сайхан амьдарцгаа! 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалын гол агуулга энэ л дээ.
Миний хэлэх санаа. Эдэлж болохгүй эрх чөлөө чинь тэр тэр шүү. Үүнийг чандлан хориглох болно, зөрчвөл ялтай гээд хэлчхэж заачхаж чадаагүй 36 жил туулсны гай зовлонг л монголчууд эдүгээ эдэлсээр, тэр нь Монгол орон хөгжиж дэвжихгүй, хүмүүс нь олигтой хэрсүүжихгүй, шилжилтээсээ өсөлт рүү хурдтай орохгүй байгаагийн үндсэн шалтгаан хэмээн би үздэг, үзэх ч болно. Шууд хэлчихье. Нийтээрээ тэгшхэн баяжихгүй байгаагийн үндсэн шалтгаан! Сошиалаас–хэн нэгний оруулсан чухал үг!
Буруутны эрэлд монголчууд 36 жил явсаар 37 дахь жил рүүгээ орж байна. Буруутны эрэлд явах энэ зам дээр юу харагдав. Сэтгэн бодох, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь монголчуудын дунд дооз нормоо ямагт хэтрүүлж иржээ. Сүүлдээ тэр эрх чөлөө нь гуйвж дайвсаар Бат-Үүлийн онож хэлснээр эрх чөлөөний солиорол болж төрөл арилжаад, бүр сүүлдээ нацизм фашизмын мутац болох руугаа жирийлгэж явна. Өөрсдийгөө нэг харчих, наад сошиал дахь солиорлоо бас харчих! Мутацад орсон шинэ фашизм, шинэ нацизмыг номлогчид сошиалаар дүүрэн! Үндсэрхэг дээрэнгүй үзэл (шовинизм, расизм–нэр томъёо нь) нь савнаасаа ёстой нэг хальж байна, монголчуудын дунд!
Дахиад л нөгөө харьцаагаа улиглачих уу: 90%:10%! Эхнийх нь нийгмийн болж бүтэхгүй, эдийн засаг дээшилдэггүй, ядуурал ажилгүйдэл оршсоор байгаагийн үндсэн шалтгааны буруутны тоон харьцааны 90%. Энэ өндөр хувь монголчуудын өөрсдийнх нь бүтэлгүйдлээс шалтгаалж байна, 10% нь монголчуудын өөрсдийнх нь сонгосон улс төрчдийн үйл ажиллагааны буруугаас шалтгаалж байна. Улс төрийн бүтэлгүйдэл нь 10%, буруутан хайж байгаа бол шүү дээ.
Энд бичсэн 90% бол нөгөө эдэлж болохгүй, эдлүүлж болохгүй, хоригловол таарах нөгөө эрх чөлөөг нь би хэлсэн ухаантай юм. Даруй халах ёстой эрх чөлөө ярайж байна. Жагсаая:
Ядуу амьдралын буруутнаа хайж байгаа бол дараах эрх чөлөөнүүд чинь хэтэрснийх шүү:
Сошиалаас–хэн нэгний оруулсан чухал үг! Гэмт хэрэг үйлдэх эрх чөлөө гэж бичсэнгүй шүү. Хэрэв Та ядуурч золбирч, бүтэлгүй амьдарч байгаа бол, тэгээд Та өөрөө эрүүл саруул, хөдөлмөрлөх оюун тархи, эрүүл бие хаатай бол буруугийн 90% өөрөөс чинь, 10% улс төрөөс болсон юм шүү дээ. Эрх чөлөөгөө хэтэрхий эдэлсэн, эдэлсээр яваа Та өөрөө буруутай. Учир нь Таны амьдрал Таны гарт байна. Гарт чинь Монголын ардчилал атгуулчихсан. Хэрэв буцаагаад социалист тоталитари нийгмээ байгуулаад Та нарыг нүднээ үл үзэгдэх гинжээр дөнгөлөөд авбал уу, яах бол хэмээн Та сэтгэж үзсэн үү? Үзээгүй бол тэгж нэг сэтгээрэй, ахмадуудаас сонсоорой.
“Монгол хүн 60 нас хүрч ухаан суугаад 61-тэйдээ үхчихдэг” гэсэн нэг хоржоонтой этгээд хэлц байдаг. Арай нүүдэлчин хүн тэгдэг гээгүй байгаа? Ямар ч гэсэн яг оносон юм болов уу гэж би заримдаа боддог. Насан туршдаа эрх чөлөөтэй нэг нөхөр явж явж хөгширсөн хойноо гэв гэнэт ухаан суугаад эргэж гэмшиж харамсаад эргэн тойрон, гэр бүл, найз нөхөд, бүр бүх ертөнц рүү хар энерги цацсан бөөн уур уцаар, хараал зүхлийн тулам болчихсонтой зөндөө тааралдаж байлаа. Тэгж тэгж хараалын тулам нэг хөгшин төгсгөл болдог доо.
Монгол үлгэр дуусав гэсгээд төгсгөчих үү? Хэлэлцүүлэг маргааны сэдэв хөндчихлөө. Хүлцээрэй! Хэлэлцээрэй!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!