Индэр    
0 минутын өмнө
Зураг
Судлаач проф.

Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Редакцын бус нийтлэл
Зураг

Уран сайхны мэдрэмжээрээ ямагт туйлширдаг монголчууддаа зориуллаа гэж байгаад өмнөх нийтлэлээ толилуулсан.

Туйлшралыг чинь эерүүлэхээр (ялимгүй хэтрүүлэг шүү!) Монгол Төрийн тэргүүн НАТО-гийн хоёр улс (Нэг нь бүр саяхан элссэн гээч! Тэгж элссэнээ үндэснийхээ баяр бахдал болгож буй Финланд), одоо НАТО-гийн илт дайсан болчхоод буй бас нэг улс (Беларусь) руу Төрийн айлчлал хийлээ. Монгол Улс алинтай нь ч дайсагнахгүй Төвийг чанд сахиж байна гэдгээ дэлхий нийтэд дахин нотлон харууллаа. НАТО-гийн цэргийн нэг том гүрэн ХБНГУ-тай стратегийн түншлэлээ бэхжүүлчихлээ, НАТО-гийн шинэхэн гишүүн Финландтай өмнөх түншлэлээ (Тэгш эрхтэй түншлэл-2011 он) нотлон баталгаажуулна. Монгол Улсын гуравдагч хөршийн хүрээ тэлж, бэхжиж байгаа нь энэхүү айлчлалаар харагдана гэж бичсэнээ үргэлжлүүлье.

Нэг. ХБНГУ

Айлчлалын бүх үйл явцыг энд дурдах гээгүй. Гуравдагч хөршийн эгзэгтэй өнцөг гэдэг үүднээс бичнэ. Эгзгийг нь олж гуравдагч хөршийн түншлэлээ бэхжүүллээ гэж дүгнэж байна. Дэлхий дахин тун амаргүй, тэгэх тусмаа Европ бүр ч амаргүй байна. 2022 оноос Европт дайн дэгдсэн, тэр дайн үргэлжилж байна. Буруутан зөвтнийг би ялгах гээгүй. Европ нэгэн дуугаар Украины талд зогсож байна. Ганц нүцгэн үнэн нь энэ. Украины талд тууштай зогсож ирсэн ба зогсож байгаа хоёр улс маань манай гуравдагч хөрш, нэг нь бүр Скандинавын хойгт Монголын гадаад бодлогыг бүрэн бүтэн болгох шинэ гараан дээр ирээд байгаа Финланд!

Төрийн тэргүүний мэдэгдлээс: Монгол Улс Герман Улсыг манай гуравдагч хөрш, Европ дахь дотнын итгэлт түнш, анд нөхөр хэмээн үздэг бөгөөд Европын орнуудаас нэн тэргүүнд Герман Улстай байгуулсан “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм. Яриа хэлэлцээний үр дүнд “Монгол, Германы Хамтарсан тунхаглал”-ыг гаргаж, стратегийн түншлэлээ өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хэтийн төлөвөө хамтран тодорхойллоо. Түүнчлэн хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагаа, банк санхүү, боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг энэ айлчлалын үеэр байгуулж байгааг цохон тэмдэглэж байна.

Германы Төрийн тэргүүний мэдэгдлээс: Та алс холын замыг туулан манай улсад хүрэлцэн ирсэнд туйлын баяртай байна. Учир нь энэхүү айлчлал нь зөвхөн дипломат харилцааны хүрээнд болж буй арга хэмжээ бус, харин манай хоёр орны онцгой дотно харилцаа, нягт хэлхээ холбооны тод илэрхийлэл юм. Манай хоёр улс газар зүйн хувьд зургаан мянга гаруй километрийн алсад оршдог ч ойр дотно түншлэлийн харилцаа биднийг ойртуулан холбож байдаг. Нэн ялангуяа найдвартай түншүүдийн ач холбогдол урьд өмнөхөөс илүү өсөн нэмэгдэж буй өнөө үед энэхүү харилцаа онцгой үнэ цэнтэй билээ. Герман, Монгол Улс нь эрх чөлөө, хүний эрх, хууль дээдлэх ёс, өөрийн хөгжлийн замналыг бие даан тодорхойлох эрхийг эрхэмлэн дээдэлдэг нийтлэг үнэт зүйлстэй. Бид эдгээр нийтлэг үнэт зүйлсийнхээ төлөө НҮБ болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд нягт, харилцан итгэлцсэн хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн.

Үүний тод илэрхийлэл нь 2024 оны хоёрдугаар сард миний бие танай үзэсгэлэнт оронд төрийн айлчлал хийх үеэр бидний тогтоосон стратегийн түншлэлийн харилцаа юм. Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Та бүхний үзүүлсэн элэгсэг дотно хүндэтгэл, сэтгэлд хоногшсон олон сайхан дурсамжийг би одоо ч талархан дурсдаг. Олон улсын харилцаа ээдрээтэй, сорилт бэрхшээлээр дүүрэн байгаа өнөө үед Монгол Улс нь нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг манай чухал түнш юм. Монгол Улс олон талт хамтын ажиллагааг дэмжиж, НҮБ-ын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буйг бид өндрөөр үнэлдэг.

Батлан хамгаалахын сайдаас эшилбэл: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх Хамтарсан тунхаглал байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нарын албан ёсны хэлэлцээгээр батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн юм. Талууд хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон уулын явган цэргийн чиглэлээр төрөлжсөн сургалтууд зохион байгуулахаар тохиролцлоо. Энэ нь цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сургалт бэлтгэлийг дээшлүүлэх, олон улсын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг итгэлтэй хоёр түншийн бусад салбарын хамтын ажиллагааг би энд давтахгүй. Айлчлалын бахдам амжилтуудыг бүгд уншсан, сонссон, бүгд мэдэж байгаа. Жагсаалт арвин. Харин ганц л дүгнэлт. Манай улсын хувьд авч яривал хөгжил дэвшлийн асар их боломж нээсэн Төрийн айлчлал боллоо. Чухам манайхан л тэр их боломжийг эрчийг нь алдалгүй хэрэгжүүлээрэй гэж уриалъя.

Хоёр. Финланд

Албан ёсны мэдээ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Александер Стубб нар ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд нийгэм, эдийн засгийн олон салбарт идэвхтэй өрнөж байгаад төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Талууд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, батлан хамгаалах, байгаль орчин, эрчим хүч зэрэг салбарт бодит үр дүн, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо. Төрийн тэргүүн нар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо. Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход төрийн тэргүүн нар дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Айлчлалын бас нэг чимхлүүр өнцөг байна. Шинэлэг үзэгдэл. Гадаад бодлогодоо манай улс зөв оновчтой тоглолт хийлээ. Геополитикийн бяцхан тоглолт. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа албаны төлөөлөгчид Хельсинки хотын Хиетаниеми цогцолборт орших Баатруудын загалмай болон Маршал К.Маннерхеймын бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Хиетаниеми цогцолборыг 1829 онд байгуулсан бөгөөд Финланд Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, аюулгүй байдлын түүхэнд гавьяа байгуулсан төрийн болон цэргийн зүтгэлтнүүд, дайчид, алдартай уран бүтээлчдийг оршоосон хүндэтгэлийн цогцолбор юм. Маршал К.Маннерхеймыг орчин цагийн Финландын “эцэг” хэмээн хүндэтгэдэг. Тэрээр Финландын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгчдийн нэг байсан бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Ерөнхийлөгчөөр ажилласан төр, цэргийн нэрт зүтгэлтэн юм. Үндэсний томоохон баяр, төрийн ёслолын үеэр төр, засгийнх нь тэргүүн болон тус улсад айлчилж буй гадаадын улс орны тэргүүн нар цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай гэжээ. Уламжлалыг дагасан байна. Гэхдээ түүхийн хар цагаан толбо дунд (тэгэх тусмаа Зөвлөлт-Финийн 1939 оны дайн, Дэлхийн II дайн, Зөвлөлт-Германы фронт) Нацист Германы тууштай холбоотон явсан энэ эрхэмд Монголын Төр ийнхүү “хүндэтгэл” үзүүллээ. Энэ бол яалт ч үгүй үнэн, болсон үнэн.

Ил түүх. Бодит үнэн. 1939.11.30-нд маршал Маннерхейм Финландын армийн дээд ерөнхий командлагчаар томилогджээ. Түүний удирдлагаар финийн цэргүүд Улаан армийн эхний хүнд цохилтуудыг тэсвэрлэн, өөрөөсөө олон арав дахин хүчтэй түрэмгийлэгчдийг тогтоон барьж чаджээ. Зөвлөлтийн цэргийн давшилтын 70% нь бүтэлгүйдэн гацжээ. 1936-1939 онд байгуулж амжсан төмөр бетонон дотуудын (нуувч, траншей) хүчээр Зөвлөлтийн цэргийг тогтоон барьсан төдийгүй хүн хүчний асар их хохирол амсуулжээ. 1940 оны хоёрдугаар сар хүрч байж Улаан арми хүн хүчний асар их давуу байдлаа ашиглан «Маннерхеймын хамгаалалын зурвас»-ыг давжээ. 1940.03.13-нд Москвагийн нөхцөлийн дор энх тайвны хэлэлцээр байгуулж, Финланд нь Зөвлөлт Холбоот Улсад нутаг дэвсгэрийнхээ 12%-ийг алджээ. 1941 онд СССР-ийн эсрэг Германы дайнд Финланд холбоотноор оролцохдоо өмнөх хүнд, түрэмгий дайны явцад СССР-т алдсан газар нутгаа эргүүлэн авахыг зорилоо. Хилээ тэлж Цагаан тэнгисээс Нева мөрөн, Свирь гол хүртэл Колийн хойгийг бүхэлд нь Финландад авах байлдааныг Маннерхейм командаллаа гэхчлэн баримт ярайж байна. 1944 онд дайнд ялагдах нь тодорхой болсон Финландын Ерөнхийлөгч Рюти огцроход түүний орыг маршал Маннерхейм авч улс орноо дайнаас гаргалаа гээд түүх цаашаа өрнөнө.

Энэ түүхэн эрхмийг “Финландын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгчдийн нэг байсан бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Ерөнхийлөгчөөр ажилласан төр, цэргийн нэрт зүтгэлтэн юм” хэмээн манай Төр-засаг хүндэтгэжээ. Түүх ба орчин үеийг нь харьцуулуулах үүднээс ялимгүй хазайж бичлээ. Нэгэнт л гуравдагч хөрш маань учраас шүүмжлэх санаа энд агуулаагүй. Одоогийн Төрийн тэргүүн Александер Стубб гэж Европын ба дэлхийн геополитикийн гарамгай нэгэн тоглогч болж тодроод, хоёрхон жилийн өмнө улс орноо НАТО-д элсүүлсэн хэрнээ шинэ гишүүн гэхгүйгээр НАТО-гийн архаг хуучин гишүүний адил идэвх зүтгэл гаргаж байгааг энд нуршилтгүй. 2023.04.04-нд Финланд НАТО-д албан ёсоор гишүүнчлэгдэж 31 дэх гишүүн нь болсныг бид мэднэ.

Гурав. Өөрсдөө дүгнэлт хий

Ванчигийн Ганзориг гэж baabar.mn сайт, Монголын шилдэг нийтлэлчдийн клубийн хамтран зүтгэгч нөхрөөсөө нэмж хасалгүй шууд эшилье. Энэ эшлэлээс уншигчид дүгнэлтээ өөрсдөө хийнэ үү.

Финланд улсын төрийн далбаа хоёр өнгөтэй. Хөх өнгө нь мянган нуур болон тэнгэрийг бэлгэддэг бол цагаан өнгө нь цас болон өвөл гэдэг утга заана. Финландын одоогийн ерөнхийлөгч нь Александр Стубб гээд шажигнасан хөдөлгөөнтэй, эрч хүчтэй залуу байна. Монгол, Финландын бизнес форумын үеэр мессеж болон санаагаа зүрх рүү хатгатал хэллээ. Тухайлбал Финланд нь Орос ба Швед гэдэг хоёр том хөрштэй. Монгол ч гэсэн адилхан Орос ба Хятад гэдэг мөнхийн хөршүүдтэй. Газар зүйн хувьд Монгол, Финланд улсууд хоёр өөр тивд, асар хол оршдог мэт боловч биднийг зааглаж, бидний дунд ганцхан улс байдаг. Тэр нь Орос шүү дээ гэнэ.

Ардчилал, хуулийн засаглал, хүний эрх гэдэг гурван үгийг ёстой тоть шиг маш олон удаа давтан хэлэв. Энэ нийтлэг үнэт зүйлс дээр л Та бид хамтдаа хол явах болно оо гээд янз бүрээр л илэрхийлж байна. Бизнес форумын үеэр хоёр улсын төр хоорондоо 4, хувийн хэвшлийнхэн 6 санамж бичиг зурлаа.

Байгальд хайртай, хөдөө хээр явах дуртайгаараа монгол ба финчүүд яг адилхан юм байна. Танай улсын айдентити юу гэж гэж асуухад ихэнх хүн бодох юмгүй шууд SISU гэж хэлэх юм. Сүүлд нэг анги шинээр нэмэгдсэн ийм нэртэй киног нь үзээгүй бол Финландыг бүү зүглээрэй энэ тэр. Энэ үгийг монгол хэлээр ХАТ гэж орчуулж болох байх. Бүх юмны буюу бие, сэтгэл, хамт олны хат. Ямар ч муу нөхцөл байдал хэзээ л бол хэзээ үүсэхэд тэр хүнд нөхцөлийг даван гарахын тулд бид ямагт бэлэн байх ёстой гээд дөнгөж хорь гарсан охин өөртөө маш итгэлтэй хэлэх. Финландын Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд заавал онцлох ёстой зүйлс нь яах аргагүй энэ утга байв. Тэрбээр, Монгол ба Финланд улсууд өнөө цагт зөвхөн хоорондоо харилцан ашигтай хамтран ажиллах нь хангалттай бус. Бүс нутагтаа нөлөөлөх ёстой, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж, НҮБ зэрэг дэлхийн олон орны хамтын нөхөрлөлийн орнуудын байгууллагуудаар дамжуулан бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд оролцох ёстой. Үүний тулд хоёр улс хилийн гадуур бие биенээ ямагт дэмжин ажиллахын чухлыг тодотгож байв.

Эцэст нь мань эр Финланд улс сүлжээ буюу дэд бүтэц, квантум компьютер, хиймэл дагуул болон сансар судлалд онцгой ач холбогдол өгч буй бөгөөд эдгээр талбарт хамтран ажиллахыг урьж байна. Яагаад гэвэл хоёр том хөрштэй, жижиг улс газар зүй болон хилийн шугамаар оюун ухаан, хүсэл мөрөөдлөө хязгаарлаж болохгүй гэнэ. Иймээс бидэнд буй чөлөөт орон зай бол интернэт, сансар, бусдаас үл хамааран үхтэл судалж чадах талбар бол эгэл биесийн шинжлэх ухаан шүү л гэж захина билээ гэжээ.

Дахин давтъя. Ардчилал, хуулийн засаглал, хүний эрх гэдэг гурван үгийг ёстой тоть шиг маш олон удаа давтав. Энэ нийтлэг үнэт зүйлс дээр л Та бид хамтдаа хол явах явах болно оо гээд янз бүрээр илэрхийллээ гэжээ.

Финландад хийсэн Төрийн айлчлалын бахдам амжилтуудыг бүгд уншсан, сонссон, бүгд мэдэж байгаа. Жагсаалт арвин. Бас л ганц дүгнэлт. Манай улсын хувьд авч яривал хөгжил дэвшлийн асар их боломж нээсэн Төрийн айлчлал боллоо. Чухам манайхан л тэр их боломжийг эрчийг нь алдалгүй хэрэгжүүлээрэй гэж дахин уриалъя.

Европ дахь гуравдагч хоёр хөршид хийсэн Төрийн айлчлалын онцлог, шинэ содон нь дээрх буюу!