Төв шуудангийн уулзварыг хаасан учир Энхтайвны өргөн чөлөөг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөлөө
Өнөөдрийн 17:30 цагийн байдлаар нийслэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдлыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Сүхбаатарын талбайд иргэд жагсаал цуглаан хийсэнтэй холбоотойгоор Төв шуудангийн уулзварыг дөрвөн талаас нь хаагаад байгаа юм. Уг уулзварыг хааснаас үүдэж Улаанбаатар хотын автозамын тодорхой цэгүүд ачаалал авч хөдөлгөөн удааширчээ.
Цэцэг төвийн уулзвараас Төв шуудангийн уулзвар болон Багшийн дээдийн уулзвар, Төв номын сангийн уулзвараас хойш чиглэсэн хөдөлгөөн, Төв шуудангийн уулзвараас урагшаа чиглэсэн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм байна.
17:30 цагийн байдлаар:
- Гадаад хэргийн яамны уулзварын урагшаа ачаалал авч Олимпын гүүр рүү чиглэсэн хөдөлгөөн нэмэгдсэн байна.
- Багшийн дээдийн уулзвараас баруун тийш чиглэсэн хөдөлгөөнийг хязгаарласан учир Энхтайвны өргөн чөлөөгөөр явж байгаа жолоочид бусад гудамж замыг сонгон явах шаардлагатай.
- 1-р сургуулийн уулзвар руу чиглэсэн хөдөлгөөнийг баруун тийш эргүүлж байна. Иймд тухайн уулзвар замыг сонгохдоо Төв шуудан руу чиглэсэн хөдөлгөөнийг сонгохгүй байхыг зөвлөв.
- Энхтайвны гүүрний урдаас хойш чиглэсэн хөдөлгөөн нэмэгдсэн байна.
Төв шуудангийн уулзвар дээр 16:30 цагийн үед иргэний бие муудаж түргэн тусламжийн үйлчилгээ авах гэсэн боловч жагсагчид түргэний машиныг оруулаагүй нь улмаас эмнэлгийн тусламж удаан авчээ.
Тээврийн цагдаагийн албанаас Энхтайвны өргөн чөлөөг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөлөө. Бусад гудамж замууд хэвийн үргэлжилж байна. Зарим цэгүүд ачаалал авсан ч цагдаагийн албан хаагчид зохицуулалт хийн ажиллаж байна гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
