"Монголын олон баяр нийгмийн стрессээс ангижруулахаас илүү санхүү эдийн засгийн маш хүнд дарамтад оруулдаг"

П.Сайнжаргал, IKON.MN
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Сэтгэцийн эрүүл мэнд-2026" олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн ахлах багш, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Оюунсүрэнтэй ярилцсанаа хүргэж байна. 

Монголын олон баяр нийгмийн стрессээс ангижруулахаас илүү санхүү эдийн засгийн маш хүнд дарамтад оруулдаг гэдгийг тэрбээр хэлж байлаа. 

Сэтгүүлч: Монголын олон баяр хүний сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж байгааг та мэргэжлийн хүний хувьд дүгнэнэ үү?

Доктор Д.Оюунсүрэн: Энэ хоёр талтай ойлголт. Нийгмийн стрессээс ангижруулж түр ч гэсэн амьдралыг эерэг өнцгөөс нь харах боломжтой. Гэхдээ Монголын олон баяр биднийг нийгмийн стрессээс ангижруулахаас илүүтэй санхүү эдийн засгийн маш хүнд дарамтад оруулдаг. Өмнөх баярын санхүүгийн дарамтаасаа гарч амжаагүй байтал дараагийн сард дахиад нэг баяр тохионо.

Шулуухан хэлэхэд бид ямар орлоготой билээ. Гэтэл тэмдэглэж байгаа арга хэлбэр нь олж байгаа орлогоосоо дандаа давдаг. Байнгын хасах баланстай эдийн засгийн нөхцөл гэр бүл, хувь хүн аль ч талаараа дарамт. 

Зөвхөн гэр бүлдээ анхаарал тавьж, гэр бүлийнхээ хүрээнд баярлаж өнгөрөөх тэмдэглэлт өдрүүд байхад олон нийтийг хамарсан, ингэж хамрахдаа эрүүл бус зан үйлтэй буюу архидалттай. 

Жишээ нь хүүхдийнхээ сэвлэгийг үргээнэ гэхэд л томчууд нь архиддаг. Энэ мэтчилэн өдөр тутмын анзааралгүй хийдэг хэвшил болсон дадлууд нийгмийн сэтгэл зүй, хувь хүний сэтгэл зүйд сөрөг нөлөө авчрах эрсдэл бий.