"Беларусийн тал аравдугаар сараас тодорхой хэмжээний шатахуун, онгоцны түлш нийлүүлэх боломжтойгоо мэдэгдсэн"

Б.Бадамгарав, IKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штабын өнөөдрийн хурлаар олон улсад шатахуун, түлшний нөхцөл байдал ямар байгаа талаар Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-ны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсад үүссэн нөхцөл байдал нь олон улсад өрнөж буй геополитикийн үйл явдлаас хамаарч байна. Зүүн Европ, Ойрх Дорнодод нөхцөл байдал геополитикийн сөргөлдөөнтэй хэвээрээ.

Сүүлийн долоон сар Ормузын хоолойн асуудлыг нийтээрээ ярьж байна. Ормузын хоолойн түлш шатахуун, ачаа тээвэр доголдсоноос Азийн орнуудын шатахууны зах зээлд хүндрэл үүссэн. Мөн Улаан тэнгисийг Энэтхэгийн далайтай холбодог Баб Аль-Мандебийн хоолойн үйл ажиллагаа гацах эрсдэл ажиглагдаж байгаа талаар судалгааны дүгнэлт гарлаа.

Олон улсын түлш шатахууны зах зээлд үүсээд буй хамгийн ноцтой, хүнд асуудал нь геополитикийн сөргөлдөөнийг урьдчилан тааварлах боломжгүй байгаа. Иймд улс орнууд нийтээрээ түлш шатахуунаар дотоодын хэрэгцээгээ түрүүлж хангах, стратегийн нөөцөө бүрдүүлж, экспортын урсгалаа хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ нь ойрын хугацаанд үргэлжлэх магадлалтай.

Хямралын эхний саруудад түүхий газрын тосны үнийн асуудлыг илүүтэй онцолж байсан бол одоо боловсруулах үйлдвэрүүдэд үүсэж буй доголдол, шатахуун түлшний хүртээмж хурцаар тавигдаж байна. Тухайлбал Европын улсууд энэ оны IV улиралд агаарын түлшний хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч байгаа талаар мэдээлэл гарав. Үүнээс улбаалж Ази, Африкийн орнуудаас шинэ эх үүсвэр бүрдүүлэх алхмуудыг авч байгаа.

Монгол Улсад өргөн хэрэглээний шатахууны нөхцөл хүнд байгаа ч онгоцны болон дизель түлшний нийлүүлэлт хэвийн үргэлжилж, байдал харьцангуй тогтвортой байна. Харин олон улсад онгоцны болон дизель түлшний асуудал хамгийн хурцадмал болсон. Урьдчилан таамаглашгүй нөхцөл байдлын үед улсууд үндсэндээ хоёр төрлийн арга хэмжээг авч байна.

  1. Нийлүүлэлтээ нэмэх - Импортоо нэмэх, стратегийн нөөцөө бүрдүүлэх, экспортлогч улсууд экспортын урсгалаа хязгаарлах
  2. Эрэлтийг хязгаарлан хэрэглээг бууруулах гэсэн чиглэлийг өөр өөрсдийн онцлогт тохируулан хэрэгжүүлж байна" гэлээ.

Мөн Монгол Улсын импортын эх үүсвэрийг олшруулах асуудалд "Хэдийгээр тодорхой сорилтууд тулгарч байгаа ч эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Бүгд Найрамдах Солонгос Улс(БНСУ)-тай долоодугаар сард хийсэн тохиролцооны хүрээнд есдүгээр сарын дунд үеэс Замын-Үүдийн боомтоор дамжин автобензин орж ирж эхэлсэн. 

Төв Азийн болон Зүүн Европын зарим улстай хийсэн хэлэлцээ нь тухайн улсуудын дотоодын нөхцөл байдал, баримталж буй бодлого зэрэг тодорхой хүчин зүйлээс хамааралтайгаар түр хугацаанд мухардалд орсон. Үр дүн хараахан гараагүй.

Бид боломжит эх үүсвэрүүдийг тасралтгүй эрэлхийлж байгаа. Сүүлийн мэдээллээр Минск хотод байгаа Элчин Сайдын Яамаараа дамжуулан Беларусь улсын газрын тосны компанитай яриа хэлэлцээ хийж, үр дүнд нь Оросын Холбооны Улс(ОХУ)-ын нутаг дэвсгэр Наушкийн боомтоор дамжуулж, Монгол Улсад аравдугаар сараас эхлэн тодорхой хэмжээний шатахуун, онгоцны түлш нийлүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн. Бодит ахиц гарна гэсэн хүлээлттэй байна.

Мөн БНСУ-аас автобензин орж ирж байгааг албажуулж, Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулан сар тутамд тодорхой хэмжээний түлш шатахуун худалдан авах асуудлаар яриа хэлэлцээ хийж байгаа. Эерэг үр дүнд хүрнэ гэсэн хүлээлт тавьж байгаа" гэлээ.