Шүүхээс “Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарт тавьсан хилийн хоригийг хэвээр үлдээлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн прокурорын газраас "Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл буюу залилах, 18.6.1 дүгээр зүйл буюу мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад буй.

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс түүнд энэ оны есдүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын хилээр гарахыг хориглох шийдвэр гаргасан. 

Тэгвэл өнөөдөр Б.Баатарын өмгөөлөгчид тус шийдвэрийг цуцлуулахаар Ерөнхий шүүгч Б.Халиунд хүсэлт гаргасан байна. Шүүх өмгөөлөгчдийн хүсэлтийг авч хэлэлцээд Б.Баатарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

"Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарыг яллагдагчаар татан шалгаж буй үндэслэлийн тухайд: 

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл. Залилах

1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл. Мөнгө угаах

1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.